Жил бүр хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоод буй. Тодруулбал, Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сард тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах хурдан морины уралдаанд хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байдаг.
Уг тогтоолыг дагаж мөрдөх талаар албан бичгийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мөн хүргүүлж байсан бөгөөд тогтоол энэ жил ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тогтоолын хүчин төгөлдөр хэрэгжиж буйг сануулахын учир нь 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Дүнжингарав-2018” уралдаан Засгийн газраас албан ёсоор товлоогүй/Хурдан морины уралдааны хуваарийг Засгийн газраас баталдаг/ байхад Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан юм.
Уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Хүнд бэртсэн гурван хүүхдийн нэг нь ГССҮТ-д эмчилгээ хийлгэсэн бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмалаас болж авто машин мөргөж ухаан алдсан 11 настай хүү 12 настай хэмээн өөр хүний бичиг баримтаар бүртгүүлж уралдаанд оролцсон болохыг дараа нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байсан билээ.