Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлснийг өнөөдөр (2019.01.10) УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэж, улмаар гишүүдийг хамгаалж үлдлээ.
Хэдийгээр дэд хорооны хуралдаанаар асуудлыг хаалттай хэлэлцсэн ч нэр бүхий дөрвөн гишүүн сэтгүүлчдэд өгсөн тайлбараа мөн тус хурлын гишүүдэд ярьсан байж таарна. Тэгвэл тэдний өөрсдийгөө өмгөөлсөн тайлбарыг энд сийрүүлэн хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж байна. Хаалттай хуралдааны талаар мэдээлэл өгөх нь хуулинд хориотой. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн асуудлыг УИХ-д танилцуулж байж шийднэ гэсний дагуу өнөөдөр энэ асуудлууд яригдаж байгаа юм байна. ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Б.Батзориг сайдтай хамтарсан уу, хамтраагүй юу, зээл авсан аж ахуйн нэгжид нөлөөлсөн үү гэдгийг асуулаа. Асуултуудад бүгдэд нь ил тод хариуллаа.
Миний хувьд нөлөөлөөгүй. Шийдвэр ямар ч гарсан байсан би хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. Дүн удахгүй гарна. Хууль бусаар зарцуулсан гэдэг тал дээр ямар ч арилжааны банк, санхүүгийн байгууллагаар дамжуулаагүй. Энэ нь хуулиараа нотлогдсон. Их хурлын олон гишүүдийн асуудлын эхлэл гэж тайлбар өгч байна даа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш (өнөөдөр) улс орон даяар жагсаал болно. 48 цагийг яагаад маргаашийн 13:00 цагтай тохируулж байна вэ гэдэг сонирхол татаж байна. Би УИХ-ын гишүүн болсон жилдээ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг “Шинхуа”-д 400 сая доллараар худалдах асуудлыг гаргаж тавьсан. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан. Би анх удаа 60 тэрбумын асуудлыг ярьсан. Дараагийн нэг томоохон асуудал бол олон улсын гэрээний асуудал байсан. Шинээр гэрээ оруулж ирж, хуучин гэрээг хүчингүй болгохоор Их хуралд оруулж ирсэн. Гэтэл хоёр чухал заалт алга болсон байсан. Энэ асуудлыг анх гаргаж тавьсан. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрснээс 340 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг гаргаж тавьсан. Нэр бүхий 19 гишүүний хамт 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй сонсгол хийе гэсэн. Улс төрийн нөхцөл байдал харьцааны хувьд ойрхон байгаа энэ үед аль нэг улс төрч, УИХ-ын гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг асуудлаар нэрийг нь татаж, цаашид төрийн эргэлт хийх бодлого явж байна гэж харж байгаа. Л.Энхболд өөрөө буюу өөрийн ямар нэгэн хамаарал бүхий компанидаа зээл аваагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх төсөл байсан учраас тэр компанийн төслийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх бололцоо байгаа. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулин дээр бид ажиллах ёстой. Би хувиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзээд явах юм бол шударга бусын хонгил цаашаа явах юм бол олон бизнесмэн, улстөрчид, олон хүмүүсийн амьдрал ахуй хохирох нөхцөл байдал үүснэ. Би хэн нэгэн хүний мууг үзэх гэж асуудалд орооцолдож байгаагүй. Энэ утгаараа хариу нь өнөөдөр ингэж ирж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа” гэж ярьлаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би өөрийнхөө тойрогт байгаа компанийг дэмжиж яагаад бичиг хийж өгч болдоггүй юм бэ. Тэгж яривал УИХ-ын гишүүн бичиг хийж өгөх үүрэгтэй байдаг. Би тэрийг л хэлсэн. Намайг нөлөөлсөн байж магадгүй гэж ярьж байгаа байхгүй юу. Түүнээс биш тэр компани надтай ямар ч хамааралгүй. Бусад нь өөрсдийнхөө компанид авсан юм байгаа шд.
Би прокуророос асуулаа. Яахаараа 30 гаруй гишүүдэд бичиг хийж өгөөд мэдүүлэг өгч байхад яахаараа намайг оруулж ирж байгаа юм бэ. Ямар учраас намайг оруулж ирж байгаа юм бэ, энийг чинь юу гэж ойлгох юм бэ гэхэд тайлбар өгөхгүй л байна шд. Ийм юм гарсан чинь Та идэж уусан юм байна гээд олигтойхон тайлбар гаргаад ирвэл би дуугүй болчихно шд. Тийм юм алга байна. Ингэж болохгүй шд. Би чинь сонгогчидтой, гэр бүлтэй, ах дүүстэй хүн шд. Түдгэлзүүлэх асуудал нь нөгөө 40-өөс нь багасгаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хулийг хүлээж авахгүйгээр авч үлдэх гэсэн ийм л юм явж байгаа шд наадах чинь.
Намайг АТГ-аас дуудаж асуусан, тэгэхээр нь “Би юугаар байцаагдаж байгаа юм бэ?” гэсэн чинь “гэрчээр” л гэсэн. Өчигдөрхөн гэнэт яллагдагч болгож оруулж ирэхэд нь би “Наад улс төрийнхөө асуудлуудыг болиорой” гэж хэлсэн. Намайг арай зөөлхөн болохоор нь ноолохыг бодож байгаа юм биз дээ бодвол” хэмээн бага зэрэг бухимдангуй ярьлаа.
УИХ-ын гишүүн Г.Солтан “УИХ-ын гишүүн ард түмний элч гэдэг мөртлөө аль хүн нь элч биш гэдгийг би гайхаад байна. Ард түмнээс хүсэлт гаргавал бүгдэд нь би тусалж дэмжих ёстой гэчихээд “энэний элч нь чи мөн, биш” гээд… Тэгэхээр алийг нь ард түмэн, алийг нь ард түмэн биш гэдгийг дараа нь та нар надад тайлбарлах байлгүй. Ямар ч байсан прокурор нэгэнтээ санал гаргасан юм бол надад айгаад байх юм байхгүй ээ. Тэрнийгээ яаж шалгуулахыг дэд хорооны хурлаас шийдэх байлгүй. Би түдгэлзэх, түдгэлзэхгүйг ард түмэн мэдэхээс биш, дөрөвдүгээр тойргийн сонгогчид мэдэхээс биш би өөрөө шийд гаргаж хэлж чадахгүй.” гэлээ.
Ийнхүү УЕП-оос бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулсан УИХ-ын гишүүд өөрсдийгөө буруу зүйл хийгээгүй, ард түмний төлөө гэдэг лоозон үгээр өмөөрч, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь улс төрийн зорилготой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
1 comment
овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ дээ гишүүд минь