Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам сайдгүй болсноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус яамыг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле удирдаж, авч явна гэж хэлж болно. Дэд сайд ч боломжийг ашиглан сүйхээтэй загнаж яамандаа “од” болж буй сурагтай.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилуулах санал гаргаж, УИХ-д өргөн мэдүүлсэн ч буцаагаад шантааж хийж, парламентын үйл ажиллагааг гацаасан. Үндсэндээ УИХ-ын үйл ажиллагаа доголдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч энэ асуудал хэзээ шийдэгдэх нь бүрхэг байгаагаас УИХ-ын гишүүн Ч.Улаан сайдаар томилогдох өдрөө хүлээн, горьдлого тээсээр явна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн байр сууриар бол тус намын бүлэг ирэх долоо хоногт хуралдана. Гэхдээ ирц хүрнэ гэхэд бэрх байгаа юм. Ирц бүрдээд хуралдлаа гэхэд зөвхөн УИХ-ын даргыг чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж л магадгүй байгаа. Иймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг дэд сайд нь л удирдлагаар хангахаас аргагүй гэсэн үг.
Эх сурвалж: news.mn