Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллажээ.
Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.
2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон байна.
Мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байгаа юм байна. Нэг жишээ дурьдахад, 2018 оны тавдугаар сарын 22-нд хар тамхины ургамал болох мариуханыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан 23 настай Б, 28 настай Т нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж гэрээс нь их хэмжээний мансууруулах төрлийн ургамал хураан авсан байдаг.
Манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа байдаг юм байна. Судлаачдын үзсэнээр хууль, эрхзүйн орчноо улам чангатгаж, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлээс ангид байх мэдлэг, мэдээллийг олон нийтэд шат дараалж хүргэхгүй бол энэ тоо таван жилийн дараа хэд дахин өсөх эрсдэлтэй гэж үздэг.
Хэдхэн жилийн өмнө манай улс дамжин өнгөрүүлэгч байсан бол өнөөдөр хэрэглэгчийн төвшинд үнэлэгдэх болсон бас нэг шалтгаан нь манай улсын 15 мянга орчим га талбайд есөн төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой аж. Эдгээрийг залуучууд түүж хэрэглэх, дамлан борлуулах тохиолдол элбэг гардаг бөгөөд сүүлийн үед залуучууд өөрсдөө гэрийн нөхцөлд, гар аргаар тарьж ургуулах болсон нь цагаан тахлын аюул хэдийнэ хаалгаар орж ирээд хойморт тухалж, Монголын ирээдүйүг дотроос нь мэрж эхэлснийг илтгэж байна.