Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Тэгвэл энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг албаныхан жолооч нарт сануулж байна.
2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22:00-06:00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.
Тухайн автобусны буудлыг жижиг тээврийн хэрэгслүүд эзэлсэний улмаас автобусууд хоёрдугаар эгнээнд зогсож, зорчигчдоо буулгаж, суулгадаг. Мөн буудалдаа зогсох боломжгүй болж түгжрэл үүсгэх зэрэг сөрөг үр дагаварууд их гардаг байна.
Зарим жолооч нарын дээрх заалтыг зөрчсөн үйлдэлд арга хэмжээ авах үед дүрмээ мэдэхгүй байх тохиолдол элбэг байдаг аж.
Иймд жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсохгүй, бусдыгаа хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.