АНУ-ын Аризона мужийн Финикс хотноо 2019 оны нэгдүгээр сарын 1-нд болсон хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд ОУХМ, гүйлтийн дэлхийн аварга хөнгөн атлетикийн болон уулын спортын мастер Б.Буджаргал түрүүллээ. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлдсөн байна. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан тамирчныг ялагчаар шалгаруулдаг аж.
Манай тамирчин Б.Буджаргал зургаан өдөрт 485 миль буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэллээ. 2017 онд 10 өдөр, шөнийн буюу 240 цагийн тэмцээнд Б.Буджаргал 1189 км гүйж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Харин АНУ-ын Нью-Йорк хотноо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-27-нд болсон 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” 23 дахь удаагийн тэмцээнд тэрээр 10 өдөрт 1304 км гүйн өмнөх жилийн амжилтаа 115 км-ээр ахиулан хоёрдугаар байранд орсон юм.
Энэ удаагийн тэмцээнд мөн ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар амжилттай оролцжээ.