Нялх хүүхэдтэй айл бүр дараах 17 зүйлсийг цээрлэвэл зохистой. Үүнд:
1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг
– Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.
2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ
– Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.
3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ
– Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.
4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ
– Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно.
5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ
– “Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.
6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ
– Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ
– Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ
– Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ
Үнсвээс хэдэр догшин зантай болдог аж.
10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэдэг
– Тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно.
11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ
Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.
12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ
– Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.
13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчилэн ил магтан хэлэхийг цээрлэнэ
– Цагаан хэл ам хүрнэ.
14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг цээрлэнэ.
– Буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж үздэг.
15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ
– Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.
16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ
– Муу адын хорлолд өртөнө.
17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ
– Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.