Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүд, эрүү нүүрний эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах сувилагч, эмч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдог байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг болох Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүд дутагдалтай байгаа бөгөөд өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгож ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэдгийг тус эмнэлгийн удирдлага нийслэлийн удирдлагуудад тайлбарлаж, эдгээр асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.
Манай улсын хувьд 130 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд нийслэлд 50 орчим мянган иргэд оршин суудгаас 20 орчим мянга нь хүүхэд байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг бөгөөд ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад эмнэлгүүд тэдэнд үйлчилгээ үзүүлдэггүй байна.
“Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй” гээд НИТХ-ын дарга С.Амарсайхан “Тусгай тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно” гэдгээ хэллээ.
Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна.