Монголбанк иргэдийн авах хэрэглээний зээлийн хэмжээнд өр орлогын дээд хязгаар тогтоож, зээлийн дээд хугацааг 30 сар болон хумих шийдвэр гаргасан нь энэ оны эхний өдрөөс арилжааны банкуудад хэрэгжиж эхэллээ. Ингэснээр цаашид өрхийн өрийн дарамт нэмэгдэхгүй харин эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлт өснө гэж талууд харж байна.
Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 16,3 их наяд төгрөгийн 49%-ийг хэрэглээний зээл дангаар эзэлж байгаагаас энэ төрлийн зээл олголтын хэмжээ харагдана. Үүний дагуу өнгөрсөн онд хэрэглээний зээл 40 хувиар өссөн байхад ажлын байр хадгалдаг бизнесийн зээл дорвитой өсөөгүй байна.
НИЙТ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ /ТӨРЛӨӨР/
ХЭРЭГЛЭЭ– 49%
БИЗНЕС – 50%
БУСАД – 1%
Шинэ автомашин худалдан авахын тулд зээл авахад хэрэглээний зээлийн өөрчлөлт хамгийн ихээр мэдрэгдэнэ. Учир нь автомашинд өмнөх шиг өндөр дүнтэй зээл олгох боломжгүй болно. Харин иргэдийн дунд хэрэглээний зээлийг нэг мөсөн хумьсан мэт ташаа ойлголт үүсээд байгаа. Үүнд арилжааны банкны төлөөлөл дараах тайлбарыг өгч байна.
Голомт банкны бизнес хөгжлийн газрын иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаа “Өмнө нь тавьж байсан шалгуурууд хэвээрээ үйлчилнэ. Хэрвээ та цалингийн зээл таван жилээр авдаг байсан бол 30 сар болон буусан. Үүнийг дагаад авч байсан зээлийн дээд хэмжээ тодорхой хэмжээнд буурна. Энэхүү зээлийн журам тодорхой хэсэгт буюу өмнө нь урт хугацаанд зээл авдаг байсан иргэдэд үйлчилнэ” гэлээ.
Хэрэглээний зээл болон бизнесийн зээлийн шалгуур үзүүлэлт арилжааны банкуудад өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд олгодог байсан хэрэглээний зээлээ бизнесийн зээл рүү шилжүүлэх боломжтой. Ингэсэн тохиолдолд ажил олгогчдын үйл ажиллагаа, үйлдвэрлэл сэргэх хэрээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Ингэснээр иргэд зээлийн эх үүсвэрээс бус цалингийн эх үүсвэрээр амьдрах эерэг тал харагдаж байгаа юм.