УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр дахин хойшлогдлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төcлийг боловсруулж, өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд өргөн бариад буй.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Энэ талаарх хариу бичгийг би гишүүдэд хүргүүлсэн.
Мөн өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын Тамгын газар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хянан үзсэн. Ингээд өнөөдөр өглөө Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах энэ зүйл, заалт дээр нэмэлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Би хүлээж авсан. Энэ төслийг би ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн. Энэ асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэсний дараа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу энэ асуудлаа хэлэлцэж, ярина гэв.
УИХ-ын дарга гишүүдэд хандаж дараа дараагийн хуралдаанд ирцээ бүрдүүлж, дөрөв дэх долоо хоногийн турш гацаанд ороод байгаа чуулганы хуралдаанд үнэлэлт, дүгнэлт хийхийг санууллаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, Засгийн газрыг гишүүдийн томилохтой холбогдсон асуудал, өнөөдөр алт олборлогчид хуулийн мухардмал байдалд орсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуралдаандаа идэвхтэй оролцохыг гишүүдэд анхааруулав.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай болсон тул чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулах МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн саналыг УИХ-ын дарга хүлээн авлаа.
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаан 9 дэх удаагаа хойшлогдлоо.