Монгол Улсын нийслэлийг агаарын бохирдол, ялгадасны өмхийн хамт нөмөрч, ундны усны хомсдолд орох эрсдэл ч үүсэх магадлалтай. Мөн жилдээ нэг сая тонн түүхий газрын тос олборлодог ч түүнтэй дүйцэх хэмжээний шатахуун гадаадаас худалдан авч хараат амьдардаг, хотон дахь 70 сая малынхаа эрүүл мэндийг хамгаалах чадваргүй гэх ужгирсан асуудлууд бол зөвхөн монголчууд бидний зовлон. Үе үеийн эрх баригчид эдгээрийг шийдвэрлэх арга замыг өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрэлхийлсэн ч төсөв мөнгөний хүндрэлийн улмаас гар хоосон суусан юм. Иймд гадаад түншүүд, тэдний хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж ус агаар мэт хэрэгтэй байлаа.
Тэгвэл Монголын төр, засаг 2018 онд гадаадын таван улстай хамтран, дээрх таван асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгож, суурийг нь тавьж чадсан. Тодруулбал, Энэтхэгийн нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэр, Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийх шинэ Төв цэвэрлэх байгууламж, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдэх төслүүд, Унгарын 25 сая ам.долларын зээлээр малын вакцин үйлдвэрлэх иж бүрэн цогцолбороо шинэчилж, Солонгосын 500 сая ам.доллараар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаас гадна хэд хэдэн аймаг дулааны станц барих төслүүд гараанаасаа гараад байна. Дээрх таван төслийн хөрөнгө оруулалтыг базаад үзэхэд, төсвийн хөрөнгө оруулалтаас давсан буюу хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Мэдээж, буцалтгүй тусламжаас бусад нь өр болон улсын дансан дээр бичигдэнэ. Тиймээс нэг биш нэлээд хэдэн улстай хэлэлцээрийн ширээний ард суусан нь геопилитикийн хувьд ‘Хэзээ ч бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэдэг алтан дүрмийг сахисан алхам байлаа. Хэрэв гаднын нэг улс, нэг банкнаас энэ бүх зээлийг авахаар бол Монгол Улс эдийн засгийн хувьд нэг гараас хараат болох эрсдэлтэй. Иймд Монгол Улс энэ онд гадаадын таван улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нийгэм, эдийн засгийн шинжтэй төслүүдийг онцолж байна.
1 .АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БНСУ-ЫН 500 САЯ АМ.ДОЛЛАР
Засгийн газрын тэргүүн энэ оны нэгдүгээр сард БНСУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Айлчлалын үеэр Монгол Улс БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг үзэглэсэн юм. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн бөгөөд БНСУ-ын тал үүнийг дэмжиж, энэ талаар судалгааны ажил эхлүүлэхээр талууд тохиролцсон. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс БНСУ-аас 700 сая ам.долларын зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болсон. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгасан бөгөөд 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр байлаа. Дээрх хөрөнгийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахаас гадна 10 аймагт дулааны цахилгаан станц барихад зарцуулахаар Засгийн газар төлөвлөсөн.
2.ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛААС АНГИЖРУУЛАХ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Дотооддоо нефтиэ нэрж, шатахуун үйлдвэрлэх нь социалист системээс салсан шинэ монголчуудын мөрөөдөл байсаар ирсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн нефтиэр дээлээ мялаасан тэр цагаас хойш газрын тос боловсруулах үйлдвэр барих яриа, шийдвэр цөөнгүй гарсан байдаг. С.Батболдын Засгийн газар Дархан-Уул аймгийн Хонгор суманд нефтийн үйлдвэр байгуулахаар шав тавьж байсан бол Н.Алтанхуягийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар тогтоол гаргаж байлаа. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавих ёслол болсон. Хоёр тал төслийн санхүүжилтийг өнгөрсөн жил шийдсэн ч энэ онд бүтээн байгуулалтын шавийг тавьсан энэ байлаа. Ёслолд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх хамт оролцсон нь төслийн ач холбогдлыг дэлхий нийтэд харуулсан.
Энэтхэгээс олгох нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Уг үйлдвэр 2022 оны эцэс гэхэд ашиглалтад орох бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Импортын хэмжээ мөнгө дүнгээрээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрөх аж. Хамгийн гол нь импортын дийлэнх хувийг эзэлдэг нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсноор инфляц тогтворжиж, төгрөг үнэ цэнээ алдахгүй байхад нөлөөгөө үзүүлнэ. Сүүлийн мэдээллээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай явж байна.
3. УЛААНБААТАР ХОТЫГ ӨМХИЙ ҮНЭРЭЭС САЛГАХ 300 САЯ АМ.ДОЛЛАР
Улаанбаатар хотын 60 жилийн настай төв цэвэрлэх байгууламжийн үнэр нийслэлийг бүхэлд нь бүрхдэг болоод байгаа. Үнэрийг нь түр дарах арга хэрэглэж байснаар өөрөөр үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд дорвитой өөрчлөлт хийлгүй явсаар ирсэн. Өдөрт 1,000-1,200 шоо.метр нойтон лагийг ил талбайд хатаадаг байдлаас нь харахад үнэр бол өнгөн тал нь бөгөөд элдэв өвчин үүсэх нөхцөлийг ч бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолыг үйлдэн тууз хайчилсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “1960-аад оны эхээр Хятадын талаас барьж егсөн Энхтайваны гүүр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа шиг одоо баригдах Төв цэвэрлэх байгууламж мөн л урт удаан хугацаанд ашиглагдсаар байх болно” хэмээж байв. Уг төсөл 300 сая ам.долларын өртөгтэй бөгөөд хоногт 250 мянган шоо.метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай аж. БНХАУ-ын талаас гурван компани, Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм.
4. НИЙСЛЭЛИЙН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ 350 САЯ АМ.ДОЛЛАР
Өнгөрсөн долоодугаар сарын 30-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн 350 сая ам.долларын компакт гэрээ байгуулсан тухай зарлаж байв. Тэгвэл АНУ-д айлчилж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй нь танилцсан байна. Тэр үеэр Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн.
Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц үлдсэн. Ундны болон хэрэглээний усны гал эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпорац 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна” гэсэн юм. Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулах бөгөөд ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үр дүнд нь ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо.метр саарал ус нэвтрүүлэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая шоо метрээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.
5. МОНГОЛЫН МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ 25 САЯ АМ.ДОЛЛАР
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгарын Гадаад хэргийн яамны Газрын дарга ноён Адам Сзүкс нар өнгөрсөн долдугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн. Энэ үеэр 1973 онд Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн байгуулагдаж, Унгар-Монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, 1990 оноос хойш зөвхөн үндэсний мэргэжилтнүүд, мэргэшсэн ажилчид эх орны хэрэгцээт био бэлдмэлийг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн Биокомбинатыг шинэчлэн засварлах асуудалд төвлөрөн ярилцсан. Мөн Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг тун удахгүй эхлүүлэхийн гулд хоёр талаас харилцан ойлголцлын ханамж бичиг байгууллаа, 1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барьж мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй хяналтаа тавих боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулах юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг Малын гоц халдварт өвчний үед ОХУ болон гуравдагч орнуудаас вакцин нийлүүлж, дотоодын хэрэгцээгээ үйлдвэрлэж чадахгүй байна. Иймд Европын чанар стандартад нийцсэн вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь нэн чухал байна. Унгарын Засгийн газар 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ асуудлыг шийдэх гэж байгаад маш баяртай байна” гэж цохон тэмдэглэлээ. Мөн хөдөө аж ахуйн эх орон болсон Унгар улстай мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг онцолсон байдаг.
Эх сурвалж: