ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг шалгаж, прокурорын байгууллагаас гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байсан. Харин эх сурвалжийн мэдээлснээр дөрөв дэх гишүүний нэрийг нэмж оруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн байгаа.
Мөн энэ сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Танай намын таван гишүүнийг түдгэлзүүлэх асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз.” гэж хэлсэн. Одоогоор чухам хэн гэдэг гишүүдийн нэрсийг УИХ-д оруулж ирэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс энэ талаар болон өнөөдөр тулгамдаж буй асуудлын хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.
-Та өөрийгөө “ЖДҮ”-дээгүй гэж хэлсэн. Ер нь танай тойргийн иргэд зээл авахад туслаач гэж танд хэр их ханддаг вэ?
-Манай тойргоос маш олон өргөдөл ирдэг. н.Оргоо гээд 10 сая төгрөг гуйсан эгч байна. н.Өлзийсайхан гээд Уртын голд амьдардаг, сайхан гар урлалын зүйл хийдэг ах байна. Тэдний бизнесийг би дэмжмээр байна. Тэр ЖДҮ-гийн зээлийг нь авч өгмөөр байна. Гэхдээ би шагнал авмааргүй байгаа. Том шагнал гэвэл 2020 онд сонгууль дээр надад лайк дарж өгөөрэй гэж хэлэх байх. Энэ чинь улс төрчид лайк цуглуулдаг, бидний зорилго, зорилт шиг нэг хэлбэр юм чинь. Харамсалтай нь тэр хүмүүст зээл өгөөгүй.
-Та 10 гаруй хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг түдгэлзүүлэх санал УИХ-д орж ирнэ гэж хэлж байсан. Одоохондоо прокурорын байгууллагаас энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Тэр гишүүд хэн юм бэ?
-Би нэр хэлэхгүй. Нэр хэлээд яах юм, би шалгадаг байгууллага нь биш шүү дээ. Би тодорхой хэлсэн. ЖДҮХС-гийн зээл гэдгийг ойлгох ёстой юм. Манай, танай гэр бүл, ах дүү, хэн ч байсан ЖДҮ эрхэлж амьдрах эрх нь нээлттэй. Тэр утгаараа зээл гээд байгаа асуудал дээр эмзэглээд байгаа юм биш.
Миний яриад байгаа эрүүгийн хэрэгт гурван асуудал байгаа юм. Нэгдүгээрт, хэн нэгэн тойргийн иргэн хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаад бусдад давуу эрх олгон хэн нэгэн найз, танилынхаа ЖДҮ-ийн зээлийг нь хөөцөлдөж өгөөд зуучлалын ажлын хөлс авчихсан байгаа юм. Энэ бол авлига. Хоёрдугаарт нь, хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авангуутаа банкны өрөө төлчихсөн нөхөр байна. Энэ бол гэмт хэрэг. Яагаад гэвэл төрийг хуурч мэхлэх аргаар төрөөс онц их хэмжээний мөнгийг завшиж байгаа учраас. Энэ бол завших гэмт хэрэг.
-Та “тэгчихсэн байна” гэж итгэлтэй хэлж байхыг бодвол хэн хэн гэдгийг нь тодорхой мэдэж байгаа юм байна тийм үү?
-Би дандаа жишээтэй юм яриад байна шдээ. Тэр доторх хүмүүсийг ярьж байна. Би хүний нэр хэлэхгүй ч зохиож яриагүй шдээ. Гуравдугаарт, авсан зээлийн мөнгөөрөө банк болон банк бус санхүүгийн байгууллагаар бусдад өндөр хүүтэй зээл олгож ашигласан асуудал байна. Энэ бол мөнгө угаах хэрэг. Ингээд авлига, завших, мөнгө угаах гэсэн хэргээр одоогийн байдлаар 24 хүн шалгагдаж байна. УИХ-ын 31 гишүүний нэр холбогдчихсон байгаа. Мэдээж энэ 31 хүний дотор “ЖДҮ олгож өгнө” гэсэн бүх хүнийг шалгана шүү дээ.
-Та асуудлыг сайн мэдэж байгаа юм байна. Төрийн ажил гацаанд орлоо. Гацаад байгаа асуудал ЖДҮ-тэй холбоотой. Тэгэхээр Та энэ бүгдийг илчлээд орхичихвол яасан юм бэ?
-Би шалгадаг хүн нь биш учраас хэлж болохгүй шүү дээ. Хоёр шалтгаан байна. Хэрэв би шалгадаг байгууллага байсан бол тэр тэрийг шалгаж байна гэж хэлж болно. Хоёрдугаарт би эд нартайгаа тохой нийлүүлэн сууж байж, шалгадаг байгууллагын өмнөөс ажлыг нь хийж болохгүй. Ямар би тэд нарыг очоод шалгаад өг гэж бичиг өгсөн биш. Шалгагдаж байгаа зүйлийг нь хараад “хөөрхий дөө, улс төрч болох гэж байгаад хулгайч болчихсон хүмүүс байна даа.” гэж бодоод сууж байхаас биш хулгайч болсонд нь баярлаад сууж байгаа юм биш шүү дээ.
-Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас гарах гарцыг нь та яаж харж байна. Гишүүд бүгд л улс орны амьдрал хэцүүдлээ, утааны асуудал хүндэрлээ, малчдад тулгамдаж байгаа асуудал их байна гэхчлэн олны өмнө ярьж байгаа атлаа хэн ч хөдлөхгүй байна. Таныхаар үүнээс гарах ямар арга зам байж болох вэ?
-Өнөөдрийн байр суурь бол маш тодорхой. Өрийн асуудлууд дахиад хамар дор ирчихээд байгаа ийм үед төр тогтвортой байж, төрийн тэргүүн эв нэгдлийг сахиж, намын хэдэн хүүхдүүд нь амбицаа хойшоо тавьж, Монгол Улсын эрх ашгийн төлөө явах ёстой юм. УИХ-ын гишүүн хуралд суухгүй байж болно. Ямар ч шалтгаан хэлж болно, асуудалгүй. Харин УИХ-ын хуралдааныг гацаах, болиулах, үйл ажиллагааг нь тасалдуулах зорилготой гэж хэлж болохгүй. Манай хуульд төрийн эрх мэдлийг авах, завдах гэсэн хоёр ойлголт байдаг. Энэ хоёр тус тусдаа өөр ойлголт ч төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг нэг санкцаар явдаг юм.
Өнөөдөр олон улсын гадна дотны тусгай албадын нөлөөнд байдаг юм уу, Монгол төртэй л юм бол тусгай албад ажлаа хийх ёстой. Энэ үйл явдлын цаад зорилго, хөтөлбөрийг нь тогтоох ёстой. Зүүний хүчнийхэн хотын фракцтай хийж байгаа зодоон юм уу, эсвэл шударга бусын хонгилд ороод зовж зүдэрч байгаа хүмүүс дахин шударга бусын хонгилд орох вий гэсэн айдсаасаа болж тэмцэж байгаа юм уу, эсвэл 60 тэрбум ба ЖДҮ-чдийн хоорондын зодоон юм уу гээд ямар нэгэн дүгнэлтийг гаргаад Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцээд яг тодорхой сэдвийг нь гаргаад тодорхой хүмүүсийг нь нэртэй устай нь зарлаад энэ төрийн гацааг гаргаад явах ёстой. Төрийн түшээ юм бол тоглоом тоотой нь дээр, одоо зогсоо. Хувьсгалчид юм бол гудамжиндаа гараад тэмц. Нэг гараараа төрийн ажил хийгээд нөгөө гараараа хувьсгал хийгээд явж болохгүй. Төрд өөрт нь таалагдахгүй байгаа бол болих хэрэгтэй. Ямар зорилготой, ямар бодолтой, тэгээд ямар ч үндэслэлгүй, дээр нь дандаа худлаа ярьдаг байж болохгүй шд.
-Зорилго, үндэслэлийг нь тэгээд хэн тогтоож гаргаж ирэх ёстой юм бэ?
-Ах нар шүү дээ. Өнөөдөр Н.Номтойбаяр мэдэгдэл хийхийг хараад би баярлаж байлаа. Ашгүй хоёрдугаар Оюун-Эрдэнэ гараад ирлээ гэж. Ер нь Сүхбаатарын Батболд гэдэг хүн бол ний нуугүй хэлэхэд хумсаа нуусан муур. Их хурлын дарга болчихъё гэж бодоод л сууж байгаа. Нөгөө өвөө нар яахав дээ, өгвөл болно, өгөхгүй бол болино. Сү.Батболд маш ухаантай хүн.
-ЖДҮ-ийн зээлийн асуудалд оффшор гэх мэт бусад асуудал дарагдаад байх шиг. Дээр нь одоо УИХ-ын даргыг огцруулах асуудал хүчээ авлаа. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Томоохон хэргүүд таг дарагдана гэж хэзээ ч байхгүй. Ер нь хуулийн байгуууллагууд ажлаа хийх ёстой. ЖДҮ, оффшор, Эрдэнэтийн 51:49 хувь гээд бүх асуудлыг бодитоор нь гаргаад сэдвийг нь тавиад шийдэх ёстой. УИХ-ын дарга ажлаа муу хийгээгүй. Би Их хурлын даргынх нь хувьд муу ажиллаж байна гэж бодох ч үгүй. З.Энхболдоос 100 дахин илүү сайн ажиллаж байгаа. Өмнө нь байсан улс төрийн багт нь байсан хүмүүсийг нь хараад улс төрийн хандлагад нь итгэхгүй байна гэж ярьж байгаа хүмүүсийг хараад энэ хүн албан тушаалаа өгвөл өг дөө гэсэн хандлагатай байгаа шд.
-Энэ бүх асуудлыг дагаад салбарын сайд нарын асуудал ч гацчихлаа. Ц.Цогзолмаа сайдыг огцруулах саналыг хуулийн дагуу 14 хоногт хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэтэл өчигдөр хуулийн хугацаа нь дуусчихсан. Тэгэхээр Ерөнхий сайдын огцруулах санал хүчингүй болох уу?
-УИХ үүнд буруугүй. Засгийн газрын зүгээс энэ асуудал дээр дүгнэлт хийх ёстой. Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгөх ёстой гэж бодож байна. Санаатайгаар сайд нараа 14 хоног хуралд оруулалгүй томилгоонд саад учруулсан.
-УИХ-ын ирц хүрэхгүйгээс үүсэх аливаа хариуцлагыг Засгийн газар хүлээх болно гэсэн мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлсэн. Ямар хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх вэ?
-Засгийн газар огцрох талдаа л очих байлгүй дээ. Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар бол чадамжгүй гээд шууд автоматаар асуудал нь шийдэгдэнэ. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол УИХ-ын тогтоол гаргаад итгэл үзүүлье, итгэл үзүүлэхгүй гээд л шийдчихнэ. Ц.Цогзолмаа сайдыг огцруулах санал хүчингүй болох эсэх асуудлаар бол Засгийн газар тайлбар хэлэх ёстой. Би өмнөөс нь хариулж болохгүй.
3 comments
Мань эр хаа хуульч хүн гэсэн дээ хаа очиж нуруутай юм хэлжээ
Arai hulgaich Su.Batbold ih hurliin darga bolno geed zuudleed yavaad baigaa yum u.ugui bailgui de
Батболд тэгэхгүй л дээ. Өөрийнх нь хэлсэнээр цаад чинь ухаантай