Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлж, үйлдэл дээр нь баривчилсан байна. Тодруулбал, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авчээ. Шалгалтын явцад тогтоосноор сэжигтнүүд хар тамхийг онлайнаар захиалан авч, тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийсэн байжээ.
Хууль хяналтын байгууллагаас мэдээлж байгаагаар олон улсын мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн аргаар мансууруулах бодисыг хил давуулан оруулах, мансууруулах бодис нууцаар арилжих дотоодын бүлэглэл, хувь хүмүүс гадныхантай хамтран үйл ажиллагаа явуулах нь идэвхжиж, интернет, буухиа шуудан ашиглах нь нэмэгдэж, гэмт үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэгтэй уялдах болжээ. Энэ үйл ажиллагаа улам мэргэшсэн, зохион байгуулалттай, сүлжээ бүхий, хүч түрэмгийлсэн ноцтой шинжтэй болж байна. Мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар улам дээшилж, зарим нь сүлжээний зуу гаруй дамлагч, борлуулагчтай төдийгүй хилийн гаднах бүлэглэлүүдтэй холбогдож, улс дамнасан сүлжээг бий болгосон байна.
Дээрх сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.