Саяхан мэргэжилтэн нэгт, номын дүү Элжигэн овогт Б.Дашравдангийн бичсэн “Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар” гэсэн нийтлэлийг блог дээрээс нь уншлаа. Манай төр засгийн холбогдох ажилтнууд, түмэн олонд мэдлэг түгээгч хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидийн зайлшгүй анхааран үзэх ёстой чухал асуудлыг хөндсөн, чухамдаа л загатнасан газар маажив гэмээр сайхан нийтлэл болсон тул илүү олон хүнд хүрээсэй хэмээн өөрийн блог дээрээ дахин нийтэлж байна.
Бичлэгийнхээ эхэнд Ислам шашны талаар бяцхан тодруулга хиймээр санагдчихлаа. Ислам гэдэг бол шашных нь нэр, шүтэн бишрэгчдийг нь Мусульман гэнэ. Ислам шашин Сунн, Шиа, Харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй дэлхийн 3 дахь том шашин. Та бидний Ислам шашныг нэрлэдэг лал хэмээх үг нь лало буюу буруу номтон гэх утгатай Төвд үг. Яагаад мусульманчуудыг Төвдүүд буруу номтон гэж нэрлээд Монголчууд энэ нэршлийг шууд авч хэрэглэх болсон бэ? гэдэг сонирхолтой сэдэв. Дорнод Түрэгстаны Уйгур, Хотан, Хасагууд өмнө талаараа Төвдүүдтэй, хойгуураа Монголын Ойрадуудтай зэрэгцэн нутаглаж, ихэнхдээ Баруун Монголчуудад алба барьж ирсэн байдаг.
Ялангуяа Төвдүүд ба Шинжааныхан газар бэлчээр, говь цөлийн амин чухал баян бүрдүүдийг булаалдан сүүлийн 300 жил, үүнд одоог хүртэл хоорондоо мөргөлдөн алалдсаар ирсэн нь орон нутгийн дайсагнал, өс хонзон нь шашны ялгаагаар улам ч тодрон харилцан биесээ буруу номтон гэх хандлагыг төрүүлжээ. Энэ зөрчил, хагарлыг БНХАУ-ын Засгийн газар үндэстнүүдийн эв нэгдэлийг хадгалах бодлогынхоо үндсэн дээр тодорхой хэмжээгээр үгүй хийхийг хүсдэг ч нэгдүгээрт дунд, доод шатны Хятад түшмэлүүдийн хувьд Төвд, Уйгурууд биесээ хөнөөх нь төдий л ач холбогдолгүй, хоёрдугаарт хэрэгсэх гээд ч хүч хүрдэггүй тул арга буюу Бээжин дээрх дайсагналын жишээнүүдийг нуун дарагдуулсаар иржээ.
Дан ганц Төвдүүд ч биш Хөх нуур, Шинжааны Монголчууд ч тодорхой хэмжээгээр Хятадын мусульманчуудтай таагүй харилцаж ирсэн байдаг. 18, 19-р зууны Монгол мөргөлчид, аянчид, худалдаачдыг Шинжааны, Амдогийн мусульманчууд тонон дээрэмдэж, алж хядаж байснаас “муу хуйхуу нарт хуйхлуулаад” гэх хэллэг үүссэн биз. Ийм жишээ олон байдаг. 14-р Далай ламыг өндөр дүрээр тодроод байхад Амдогийн нутгийнх нь мусульман захирагч барьцаа нэхэн арга буюу Лхасаас их хэмжээний авлига өгч байж Ботала ордноо авчирч байсныг Далай багш дурсамжиндаа бичсэн бий.
Шашин хоорондын харилцаа бол их эмзэг сэдэв. Эртний Энэтхэгийн Бурхны шашны их сургууль Наланда хийдийг VI зуунд Багдадын халифын цэрэг, Пэрсийн мусульманчууд шатаан, одоогийн Афган, Пакистаны хүн ард, отог омгуудыг Ислам шашинд оруулснаас хойш Бурхны шашинтнуудын хувьд мусульманчууд “зөв номтнууд” байхаа болсон. Мөн хожим өөрсдийгөө Төвд, Монгол гэсэн 5 үндэстний үр сад гэх Бурхны шашинтай бидний хүндэлдэг Бакүла Ринбүүчийн эх орон Ладакыг Ислам шашинт Кашмирын хаант улс эзэгнэн захирч байсан гэх мэт хол ойрын олон шалтгааны улмаас Очирт хөлгөний шашинт Монгол, Төвдүүд мусульманчуудыг буруу номтон /лал/ гэх болжээ. Монголчууд шууд лал гэх болсон нь өнөөгийн ахмад сэхээтнүүд оросоор, орчин үеийн зарим залуус англи үгсээр моодорхдогийн адилаар мөн Дундад зуунд Католик шашин хэмжээгүй ноёлж байхаас Европод Латин хэл шашин, эрдмийн хэл болсны нэгэн адилаар Төвд хэл манай бичгийн хэл байсан тул номтой, мэдлэгтэй хуврагийн хүрээнийхэн шууд ойлгохоор нь лал гэж нэршсэн байх.
Цаг үе өөрчлөгдөж, Хятад хэмээх үхширмэл, дээрэнгүй, шовинист, расист үзэл суртал ноёрхсон улсаас бусад газар хүн төрөлхтөн биесээ доромж утгатай нэршлээр албан ёсоор төлөөлүүлэн ойлгохоос татгалзах болсон энэ цаг үед, манай улсын хүн амын 5,5 хувийг уламжлалт Ислам шашинтай Казах иргэд эзлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тодорохой хэмжээгээр хувь нэмрээ оруулан, Монгол улсын төрөөс Ислам шашинт орнуудтай хамтран ажиллахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон, цаашилбал Монгол хаадын үр сад Афганы Хазара нар наашаа сэтгэлтэй байгаа зэргийг харгалзан бид уламжлалт Ислам шашин, мусульман хүнийг төлөөлөн нэрлэдэг Лал, Лалын шашинтан гэсэн нэршлийг хэрэглэхээ болих шаардлагатай.
Сэтгүүлчид минь Лалын шашинт Кувэйтийн хаан Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабах манай улсад айлчиллаа, Парламэнтын ордон барих мөнгө ав гэлээ, Дархан – Эрдэнэтийн замыг барьж өглөө гээд л бичээд байх уу?
Нөгөө шэйх нь найзаа гээд бэлэг аваад байгаа улсынх нь мэдээллийн хэрэгслүүд нь өөрийг нь “буруу номтон” гэж зарлаа л, шагшраад байгааг мэдвэл дургүй нь хүрэх л байх даа…
Юм гэдэг учиртай… Лал гэдэг үгийг мартацгаая… Хэрэглэмээр байвал Загалмайтны дайн хийх солиотойгоороо Амэрик, Англичууд л манайхаас зээлнэ биз…
Элжигэн овогт Б.Дашравдан
6 comments
ЛАЛУУДАД АЛУУЛААД ИРЭХЭЭРЭЭ НЭГ ЮМ ОЙЛГОНО ДОО.
ehleed hujaagaas l bolgoomjoh heregtei
Сэтгүүлч гуай өөрөө гэртээ тэр лалуудаа байлга. Хазарууд ямар юмных нь монгол байдаг юм. Ил хаант улс лалд уусаад дууссан. Одоо дэлхий дахиныг лалууд хямруулж байна. Англи улс энэ тэр удахгүй лал болоод дуусна
ene bas zov bodoh asuudal
ene erliizuud ugiin munhag ymaa geheer temee geed l
hazaaruud bol mongol bish bidniig mededegch ugui