Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын ээлжит 11 дүгээр хуралдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болов.

ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцжээ.

Тус хуралдаанаар Монгол Улсад хөдөө аж ахуйн зориулалтаар 10 мянган га газар түрээсээр ашиглуулах тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тухай хэлэлцсэн байна. Мөн Монгол, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зам, тээврийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжаар БНАЛАУ-д 1,050 хонь бэлэглэсэнд лаосын тал талархал илэрхийлжээ. Монголын тал гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг тависан аж. Хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачлагыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэж талууд үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэх, АСЕАН-ы зах зээлд орох, худалдаа хийхэд Лаосын тал дэмжихээ илэрхийлсэн байна. Энэ үеэр Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах ЭМЯ хоорондын протокол, ЗГХК-ын 11 дүгээр хуралдааны протоколд тус тус гарын үсэг зурж, Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.

Хуралдааны үеэр Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх болон 2019 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зөвлөлдөж, ГХЯ хоорондын хамтын ажиллагааны асуудлаар тус тус санал солилцов.

ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол, Лаосын найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо хэмээн дүгнэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн