ВАШИНГТОН. /TASS/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс /ДОЗТПУГ/ АНУ-ыг гаргах төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан нээлттэй захидлыг АНУ-ын Конгрессын танхимын хэсэг гишүүд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт даваа гарагт илгээжээ. Уг захидлыг Конгрессын дээд танхимын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо нийтэлсэн байна.
“ОХУ уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ зөрчиж байгаатай холбоотой сорилт түгшүүрийг бид ойлгож ухаарах үед энэ гэрээнээс дангаар гарах АНУ-ын засаг захиргааны гэнэтийн шийдвэр нь ОХУ-ын хувьд геополитикийн зорилгодоо хүрэх бэлэг болно” гэж сенатч Боб Менендес, Жек Рик болон Марк Уорнер үзэж байгаа аж.
Тэдний үзэж буйгаар, ийм алхам нь “АНУ стратегийн ямар нэг хувилбаргүйгээр үүрэг хариуцлагаасаа дангаар татгалзах хүсэлтэй байна гэдэг үзэл бодлыг бэхжүүлнэ”. “Үүнээс гадна, энэ нь 9M729 индекс бүхий дунд зайн тусгалтай пуужингийн үйлдвэрлэл болон тараан байрлуулах газар нутгийг өргөжүүлэх боломжийг Орост олгосноор Европт илүү их аюул учруулна” гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж байна. Америкийн засаг захиргаа пуужин устгах тухай гэрээнээс гарах эсвэл түүнд хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах шийдвэр гаргахын өмнө ийм алхмаас стратегийн тогтвортой байдалд, мөн Европ болон Ази тив дэх АНУ-ын холбоотнуудтай хийж буй харилцаанд учирч болзошгүй үр дагаврыг судлахад Конгресстой хамтран ажиллах ёстой гэдэгт Сенатын гишүүд итгэлтэй байна.
Вашингтоны үзэж байгаагаар, ОХУ гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир АНУ-ыг дээрх гэрээнээс гаргахаар төлөвлөж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 20-нд мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ