Манайх гэдэг айл таван жилийн өмнө ам.доллараар авсан орон сууцныхаа зээлийг найман хувийн хүүд өнгөрсөн жилийн өдийд шилжүүлж амжсан юм. Ам.долларын ханш чангарах бүрт бүсээ чангалах хэрэг гарч, иддэг уудгаа хасахаас аргагүйд хүрээд байсан бид одоо л нэг амьсгаа авахтайгаа болж байна. Өнгөрсөн дөрвөн жил төлсөн дүнтэй харьцуулбал найман хувь гэдэг бараг хоёр дахин багассан дүн. Ийм болохоор өрх гэрийн төсөвт ч өег байдаг юм байна.
Саяхан хамаатны залуу гадаадаас сургуулийнхаа чөлөөгөөр ирээд байхтай нь таарав. Газрын сонин дуулж, Монголынхоо өнгөрсөн, өчигдрөөс хуваалцаж суутал мань хүн “…Ах минь, найман хувийн зээл гэдэг чинь тун боломжийн байна. Хэдэн жилийн өмнө орон сууцтай болно гэдэг чинь монголчуудын хувьд биелэгдэшгүй мөрөөдөл байсан. Харин одоо зээл авах, зээлээ төлөх чинь ажилтай л байхад асуудал биш болсон. Тэгээд ч нэг л мэдэхэд, та Монголд зээлийн хүү бүр дөнгөж хоёрхон хувьд хүрэхийг үзнэ. Энэ чинь зах зээл, зах зээл хөгжих тусам хүү багасдаг” гэж хэлсэн юм даа. Энэ үг хуруу хумсаа хуйхлан байж зээлээ төлдөг манайх гэдэг айлд тунчиг дэмтэй бас итгэл найдвар, өөдрөг сэтгэгдэл үлдээсэн. Бас зээлийн хүүг банк л шийддэг гэсэн өрөөсгөл ойлголтыг тэлж, өрх гэрийнхээ ирээдүйг алсын хараатай төсвөөр төлөвлөхөд минь нэмэр болсон юм.
Дүүгийнхээ яриаг хэзээ хойно эргээд дурсахад энэ зээлийн хүү гээч зүйлийн талаар илүү нарийн судламаар, бас энэ сайхан яриа хэзээ биеллээ олох бол гэсэн хүлээлт цээжинд оволзоод ирэв. Ингээд л танил эдийн засагч нөхөр дээрээ очиж зээлийн хүү гэж чухам юу болох, цаашид яах тухай нь асууж сураглаад чамгүй сонинтой боллоо. Ер нь зээлийн хүү гэдэг маань тэнгэрийн эд биш аж. Энгийн хүмүүс бидний ойлгож чадахааргүй нарийн түвэгтэй зүйл ч бас биш юм байна. Энэ бол яг л худалдааны бизнестэй адилхан зүйл гэж хэлэхэд хилсдэхгүй. Яагаад гэхээр банкийг худалдаачин гэж үзвэл мөнгө түүний бараа юм. Худалдаачин зах дээрээс төмсийг нэг кг-ийг нь 500 төгрөгөөр авчихаад хэзээ ч 450 төгрөгөөр борлуулахгүй шүү дээ. Энэ бол худалдааны хууль. Тэр хүн хоол иднэ, хүн цалинжуулна, хувцаслана, унаа, тэргэнд сууна гээд урсгал зардал асар их гардаг болохоор яаж ч бодсон тухайн бүтээгдэхүүнээ авсан үнээрээ борлуулах боломжгүй юм. Тэгвэл арилжааны банк хадгаламжийг хадгаламжийн захаас худалдаж аваад, хадгалаад, хүмүүсээ цалинжуулаад, адаглаад л байр савны түрээс, ус цахилгааны зардал зэргээ нэмэхээр зээлийн хүү хадгаламжийн хүүгээс бага байх боломжгүй гэдэг нь харагдаж байна.
Үүнээс гадна нарийндаа бол энэ нь бодлогын хүү болоод зах зээлийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм байна. Бодлогын хүү бол мөнгөний нийлүүлэлтийн суурь нь юм. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Төвбанкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү аж. Харин банк, санхүүгийн байгууллагууд нь түүн дээр суурилан үйлдвэрлэл, бизнесийн салбарт чиглэсэн өөрийн зээлийн бодлого, хүүг тодорхойлж байдаг юм байна. Тиймээс л Төв банкны энэхүү үйл ажиллагааг “бодлогын хүү” гэж нэрлэдэг аж. Тэгэхээр бодлогын хүү ямар байхаас банкны зээлийн хүү өндөр болоод бага байх нь тодорхой хэмжээгээр хамаарах нь.
Банкуудын зээлийн зарласан болон бодит хүүний зөрүү сүүлийн жилүүдэд тогтвортой буурах хандлагатай байгаа гэдгийг судлаачид онцолдог юм билээ. Ер нь бол Төв банк мөнгөний бодлогын хэрэгслээр дамжуулан мөнгө, зээлийн хэмжээг удирддаг аж. Гэхдээ зээлийн нийлүүлэлтэд нөлөөлөхөөс биш хүүний хэмжээг бүрэн хянах боломжгүй юм байна. Тэгвэл зээлийн хүү чухам хэрхэн тогтдог вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ бол нэг ёсондоо зээлийн үнэ. Үнэ мэдээж, эрэлт, нийлүүлэлтээс тогтдог учраас энэ хууль ч бас зээлийн хүүд нөлөөлдөг. Тэгвэл арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд харилцах, хадгаламжийн хэлбэрээр хөрөнгөө татан төвлөрүүлдэг учраас зээлийн нийлүүлэлт буюу хүүнд нөлөөлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нь нэмэгдэх тусам хүү багасах нь.
Бүр тодорхой хэлэхэд, зээлийн хүү нь эдийн засгийн байдал, инфляц, татварын ачаалал гээд олон зүйлээс шалтгаалан хэлбэлздэг юм байна. Жишээ нь, татварын дарамт их байх тусам ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хүүг өсгөж болох талтай. Нөгөөтэйгээр манай улсад үнэт цаас хөрөнгийн захын сул дорой хөгжил, банкуудын урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох орчин бүрдээгүйгээс зээлийн хүү хангалттай буурах хөрс нь бий болоогүй л байна.
Үүнээс гадна санхүүгийн зах зээл нь хангалттай хөгжсөн улс орнуудад банкны зээлийн хүү харьцангуй бага гэж харьцуулж харсан хүн бүр ярьдаг. Манай улсын хувьд зээлийн хүү хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь инфляц, хадгаламжийн зах дээрх үнийн өрсөлдөөн гээд олон зүйлээс хамаардаг аж. Инфляц тогтвортой бага байж чадвал зээлийн хүү дагаад буурах боломжтой юм билээ. Яагаад гэхээр, улс орны санхүүгийн зах зээл хэт баригдмал, цөөхөн хэдэн тоглогчтой, хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй бол зээлийн хүү бага байх тухай төсөөлөхөд бэрх. Гэтэл өнөөдөр манай улсад эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулалт гацаанд орчихсон байгаа болохоор инлфяц ч өндөр байхаас аргагүй болчихоод байна.
Deposits.org сайтад мэдээлснээр Хятадад зээлийн хүү 2.5, Австралид 2.8, Италид 2.00 хувьтай байна. Харин манай улсад одоогоор энэ хэмжээ 10-15 хувиар хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээл зөвхөн банк гэсэн ганц тэрэгтэй биш харин хувьцаа, үнэт цаас, бонд, хөрөнгө оруулалтын компаниуд гээд олон хөлтэй болсон нөхцөлд манайд дээрх улс орнуудын адил бага хүү ноёрхох нь.
Ийм болохоор зах зээл хэрхэн хөгжихийг зүгээр хүлээж суух биш түүнийг хөгжүүлэх ямар боломж байгааг хүн бүр эрж хайх, шинэ санаа, боломжуудыг туршдаг байх нь бидэнд ирээдүйн боломжуудыг ойртуулах билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин