УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн хуралд 35 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус бүлгийн даргын мэдээллийг үгүйсгэж хэлсэн үгэндээ “Удирдах зөвлөлийн хурлаас ашиг сонирхлын зөрчилтэй сайд, гишүүдийг гаргах шаардлагыг зөвлөлийн 10 гишүүн тавьсан. Бидний шаардлагыг биелүүлээгүй учраас Удирдах зөвлөлийн шийдвэр хүчингүй.” гэсэн юм.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цааш хэлсэн тайлбартаа “Би бүлгийг төлөөлж мэдээлэл хийж байна. ЖДҮХС-тай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. УИХ-ын гишүүн бол бүрэн эрхтэй учраас санал хураалтад оролцуулахгүй байх заалт байдаггүй. Бүлгийн зарим гишүүд хуралд суугаагүй ч нийт гишүүдийн олонх нь ирсэн тул бүлгийн хурлыг хүчинтэйд тооцно. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэх ёстой тул МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Ингээд бүлгийн гишүүд цаг хугацаатай уралдаж, шийдвэрээ гаргалаа.” гэв.