Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё буюу арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал, М.Ананд нар гэмтлийн улмаас зодоглоогүй өнжсөн бол Кисеносато аварга барилдсан ч эхний дөрвөн өдөр дараалан ялагдснаар тэмцээнийг орхисон юм.
Ингээд аваргуудгүй башё сонирхолтой ч юм шиг, сонирхолгүй ч юм шигээр үргэлжилсээр байлаа. Аваргууд эзгүйн учир хэн түрүүлэх боломжтойг сүмогийн мэргэжилтнүүд таамаглан хэлэхдээ озеки Точиношин, Такиясү, өмнөх башёгийн түрүү бөх секиваке Митаканоүми нарын нэгийг түрүүлэх боломжтой гэж байсан юм. Гэтэл байдал огт өөрөөр эргэж озеки нар унаж эхэлсэн юм. Тэгснээр хэн нэгэн санамсаргүй бөх түрүүлэх боломж нээгдсэн гэж болно.
Озеки нараас Такиясү л тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд сүүлчийн өдөр хүртэл байж чадав. Точиношин бараг сүүлчийн өдөр тавин хувиа хийж цолоо хамгаалсан бол Митаканоүми найм унаж секиваке цолоо алдсан юм. Уг нь Такиясү тэмцээний 14 дэх өдөр ганцхан унаатай тэргүүлж явсан Такикешёог давснаар өөртөө боломж авчирсан. Гэвч сүүлчийн өдрийн барилдаанд Митаканоүмид өвдөг шороодсноор гурван унаатай болж тэр боломжоо алдсан байна.
Энэ башёгийн дуулианы эзэн 22 настай залуу сүмоч Такикейшёо гайхамшигтай сайхан барилдсаар 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж эзэн хааны цомын эзэн боллоо. Энэ нь ийм залуудаа дээд зиндаанд түрүүлсэн цөөхөн бөхийн нэг гэгдэх болж байна. Тэрбээр тэмцээний 14 дэх өдөр озеки Такиясүд унаснаар түүнтэй адил хоёр унаатай болоод байсан юм. Гэтэл сүүлчийн өдөр Нишикигиг илүүрхэн ялсан. Нөгөө талд Такиясү өрсөлдөгчөө дийлэлгүй гурав дахиа унаснаар нэмэлт барилдаангүйгээр түрүүлэв.
Залуу сүмочийн од гийсэн башё энэ байлаа гэж сүмогийн мэргэжилтнүүд тайлбарлахдаа бас нэг талдаа аз гэцгээж байсан юм. Энэ удаагийн башё сүмод залуу үе хүч түрэн гарч ирж байгааг харууллаа. Дөнгөж ноднин дээд зиндаанд орж ирж байсан Такикейшёо эзэн хааны цом гардсан бол Оноошёо дайчин барилдааны шагналын эзэн болов. Монгол сүмочдоос Тамаваши ес, Чиёошома долоо, Ичиножёо, Таканоива нар зургаан даваа авсан бол Араваши хоёрхон давснаар жюүрёод унахаар болсон байна. Хоёр секиваке цолтон цолоо алдсан. Мөн Комүсүбигийн нэг гээд цолны байр гарлаа. Хэн тэр цолд очихыг Сүмогийн холбоо шийдэх ажээ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН