АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа iPhone болон бусад электроникийн бараанд 10 хувийн татвар оноох тухай дурдсан нь зах зээлийг доргиожээ. Энэ мэдээлэл тарснаас хойш хэдхэн цагийн дараа Apple-ийн хувьцааны үнэ 1.5 хувиар унасан байна.
“The Wall Street Journal”-д ярихдаа Трамп “хэрвээ Хятадтай худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол би нэмж $267 тэрбумын бараанд нь импортын татвар онооно” гэжээ. Татварын хэмжээ 10 хувь, бүр 25 хувь ч байх боломжтой гэж тэр хэлсэн юм. Зөвхөн Хятадын бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй, Хятадад үйлдвэрлүүлсэн Америк компаниудын бүтээгдэхүүнүүд, жишээ нь iPhone, зөөврийн компьютерууд уг татварт хамрагдана гэж Трамп тодруулсан байна.
Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн есдүгээр сард нэмэлт татвар оноох Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг зарлахад Apple-ийн Watch, AirPods зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулалгүй хассан байв. Харин iPhone-д доод тал нь 10 хувийн импортын татвар оноовол энэ нь Apple-ийн хувьд том цохилт болно. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк өмнө нь хэвлэлд ярихдаа iPhone-д татвар оноохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хэрвээ ингэвэл энэ нь Америкийн жирийн иргэдэд татвар оноосонтой адил явдал болно гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Business Insider