Японы Засгийн газар нийслэл хотынхоо хүн амын нягтралыг багасгахын тулд Токиогоос нүүсэн иргэн тус бүрт мөнгө төлж магадгүй байна. Өчигдөр NHK суваг Токиогийн 23 дүүргээс гадагш нүүж амьдрахаар шийдсэн иргэнд 3 сая иен ($27,000) төлж урамшуулах төлөвлөгөөг эрх баригчид хэлэлцэж байгаа тухай мэдээлжээ.
Хэрвээ энэ шийдэл дэмжигдвэл ирэх санхүүгийн жилээс хэрэгжих гэнэ. Хэдийгээр Японы хүн ам хөгширч, хорогдож байгаа гэдэг ч Токио хотод нийт 38 сая хүн амьдарч, энэ тоо жил бүр нэмэгдсээр байгаа юм. NHK сувгийн мэдээлж байгаагаар Токиод шилжин ирэх хүмүүсийн тоо 2017 онд эрчимтэй нэмэгдэж, өмнөх 22 жилийн хугацаанд ирсэн нийт хүний тооноос даваад байгаа гэнэ.
Японы хүн амын гуравны нэг нь одоо Токио болон түүний ойр орчимд амьдарч байна. Умард бүсийн Сендай, Саппоро хотуудын оршин суугчийн тоо эсрэгээрээ буурч, тэдний ихэнх нь Токиод нүүдэллэн ирж байгаа ажээ. Өнгөрсөн онд Нагасакигаас бусад Японы бүх бүс нутгуудад гадаад иргэдийн тоо нэмэгдсэн нь нийт оршин суугчдын өсөлтөд нөлөөлсөн бол ганцхан Окинава мужид төрөлт нь нас баралтаас давж, хүн амын бодитой өсөлт ажиглагджээ.
Эх сурвалж: Quartz