13 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн 21-ний өдөр болох байсан ч шүүх хуралдаан хойшлогдсон. Учир нь шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд түүнийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. Харин шүүх хурлыг хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр (2018.11.23) уг хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх бүрэлдэхүүнд Н.Одонтуул, н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна. Шүүх хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан оролцлоо.
Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгчид өнөөдөр хурал дахин хойшлохгүй, хүний нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг шүүхээс онооно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Шүүхийн байрны гадаа “Нүдээ нээ” жагсаал болж байна.