МАН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр (2018.11.23) хуралдана. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ. Өчигдөр УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцсэн боловч Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичгийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэсэн асуудал үүсч чуулганы хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авсан юм.
Ерөнхийлөгч улсын төсөвт 500 тэрбум төгрөг тусгуулж, үүгээрээ аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Засгийн газар болон УИХ улсын төсөвт энэ мөнгийг тусгах боломжгүй гэж үзсэн учраас Ерөнхийлөгч төсөвт хориг тавиад байгаа. Хэдийгээр бүхэлд нь хориг тавьсан хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ төсөв Ерөнхийлөгчийн нэхэж буй 500 тэрбум төгрөгөөс болж хоригт орчихоод байгаа юм.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр 32 тоот албан бичгийг УИХ-д ирүүлсэн байгаа. Үүндээ төсөвт тавьж буй хоригтоо нэмэлт тайлбар маягын юм ирүүлсэн байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ бичгийг өчигдөр (2018.11.22) “тодотгол” гэж ойлгож болно гэж тайлбарласан байгаа. Харин УИХ-ын гишүүд үүнийг нь ойлгохгүй байна. Ерөнхийлөгчийн албан бичгийг УИХ-аар хэлэлцэх гээд байгаа юм уу, хоригийг нь хэлэлцэх гээд байгаа юм уу гэцгээж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа нэг асуудалд хориг тавихдаа тодотгол ч гэдэг юм уу, тодорхойлолт, хүсэлт ч гэдэг юм уу ямар нэгэн нэмэлт албан бичгийг ирүүлж байсан түүх байхгүй. Ийм тохиолдолд асуудлыг хэлэлцэх учиртай хууль тогтоомжийн ямар нэгэн заалт ч байхгүй. Тиймээс энэ асуудал УИХ-ын чуулганыг гацаахад хүргээд авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Ерөнхий сайд ч байхгүй, Сангийн сайд ч байхгүй. Гишүүдийн асуултад хариулах албан тушаалтан үгүй байсан нь асуудлыг бүр хүндрүүлээд байна.
Ерөнхийлөгчийн 32 тоот албан бичгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тавьсан хоригийн тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хуульд заасан бүрэн эрхийнхээ хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоомжуудад бүхэлд нь хориг тавьсан.
Уг хоригийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүдээс гаргасан санал болон улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн үндсэн дээр хориг тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал нэн чухал байна.
Малчин өрх бүрийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг аймаг бүрт барьж байгуулснаар улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой байнгын урт хугацааны ажлын байрыг олноор нь нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой тул Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдсон санхүүжилтийг тусгах шаардлагатай.
Иймд УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулан батлах хууль зүйн боломж байгааг дурьдахын зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох зардлаас танан гаргах замаар Монгол Улсын 2019 оны төсөвт нэмж тусгах хүрээнд холбогдох журмын дагуу хоригийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Я.ХУЛАН