Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харин хууль зүйн байнгын хороо хоригийг хэлэлцэхээр хурлыг дөрвөн удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хойшилж байв.
Тэгвэл өнөөдөр 11 цагаас 55,6 хувийн ирцтэйгээр байнгын хорооны хуралдаан эхэлж, хоригийг хэлэлцэж эхэллээ. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд байнгын хороонд танилцуулсан юм. Төсвийн нийт зарлагыг 11,5 ихнаяд, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,6 ихнаяд байхаар тооцжээ. Төсвийн алдагдал 1,9 ихнаяд байх юм.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 2019 оны төсөвт тавьсан хоригтой холбоотойгоор Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүнтэй энэ чиглэлээр ярилцсан уу?
ЕТГ-ын дарга З.Энхболд: Хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд алдаа завхралыг засах боломжтой гэж хэлээд, дөрөв хоногийн дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт тусгайлан хандаад, Төсвийн ажлын хэсэгтэй би хоёр удаа сайжруулах асуудлаар ярилцсан. Ерөнийлөгч, Ерөнхий сайд хоёр энэ асуудлаар хоёр, гурван удаа албан ёсоор уулзсан. Төсөв батлагдахаас өмнө төсвийг татаж авах тухай асуудал Засгийн газраар орсон. Төсөвт оруулах хувилбар Засгийн газраар дэмжигдээгүй учраас хориг тавиад, хоригийг хүлээж авах явцдаа яригдаад байгаа асуудлуудад засвар хийгээд явъя гэдэг ойлголцол явагдсан. Тэрний дагуу хориг тавигдаад явж байгаа. Төсвийн байнгын хороо хүлээж аваагүй, Хууль зүйн байнгын хороо яахыг мэдэхгүй. Тэгээд чуулганд орно.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 1992 оноос хойш Ерөнхийлөгч төсөвт таван удаа тавьж байна. Анх удаа бүхэлд нь хориг тавьж байна. Бүхэлд нь тавих шаардлага байсан уу. Хориг тавьсан зургаан үндэслэл байгаа юм. Үндэслэлийг нь аваад үзэхээр яах аргагүй Засгийн газрын өргөн барьсан зүйлүүд байгаа юм. Гишүүдэд найман тэрбум төгрөг тавьсан гэдэг нь хаана байгаа юм бэ. Мөн 42 тонн нүүрсний экспорт хийнэ гэдгийг Засгийн газар оруулж ирсэн. Тиймээс хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын сайд нар байж, тайлбарлах ёстой. Төсөвт тавьсан хоригийн үндэслэлүүд нь зөв юм уу буруу юм уу гэдэг дээр Засгийн газар тайлбар хиймээр байна. Аж үйлдвэрийн компаниат байгуулахад заавал төсвөөс санхүүжилт тавих ёстой юу гэдгээ ярилцах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Оюундарь: Хэрэв бид энэ хоригийг бүхэлд нь хүлээгээд авчих юм бол Монгол Улс 2019 онд огт төсөвгүй орох эрсдэлд орно. Нэгдүгээрт бид арванхоёрдугаар сарын 5-ны өдөр аймаг, нийслэлийн төсвүүдээ баталсан байх ёстой. Цаашлаад арванхоёрдугаар сарын 25-нд сум, дүүргийнхийг баталсан байх ёстой. Гэтэл хоригийг хүлээж авбал төрийн 189 мянган төрийн албан хаагчид, мөн тэтгэвэрт гарсан байгаа тийм тооны ахмадууд маань цалин ч үгүй, тэтгэвэр ч үгүй болох магадлалд орно. Дөрвөн хүний нэг нь төрийн албан хаагч шүү гэдгийг санах нь зүйтэй. Жил болгоны төсвийн алдагдалыг харах юм бол буурах хандлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлтэй хориг гэж би үзэж байна. Хоригийн задаргаа дотор мэдээж зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудлууд бий. Гэхдээ төсөв бол бүхэлдээ улстөржсөн, 2020 оны сонгууль руу чиглэсэн, хэт популист, тооцоо судалгаа муутай төсөв болсон гэж харж байгаа. Өнөөдөр гурван жилийн нийлбэр дүнгээр хойч үедээ 7 ихнаяд төгрөгийн өр үлдээсэн гурав дахь төсөв орж ирж байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр. МАН-ын мөрийн хөтөлбөрт өр нэмэгдүүлэхгүй гэж байгаа. Үүнийхээ яг эсрэг ажиллаж байгаа байхгүй юу. Бид нэг гараараа сургууль, цэцэрлэг гээд нийгмийн асуудал шийдэж байгаа юм шиг боловч нөгөө талдаа ард иргэдээсээ дандаа л харамлаж байгаа. Ер нь 2019 оны төсвийг бид эргэж харах ёстой гэж харж байна. Энэ бол өөдрөгөөр харж төсөөлсөн биш зориуд санаатайгаар өнөөдрөө л харсан улс төрийн зорилгоор төсвийг нэмэгдүүлэх гэсэн увайгүй алхам энэ төсөвт харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хориг дотор явж байгаа хоёр гол зүйл байгаа юм. 500 тэрбум төгрөг гэдэг асуудал байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа Засгийн газар дээр 350 тэрбумаар яригдаад байснаа сүүлд 150-аар нэмэгдчихсэн. Хоригт зураг төсөвгүй объектод мөнгө тавьчихлаа гэсэн атлаа зураг төсөвгүй 500 тэрбум төгрөг өг гээд байдаг. Ийм юм болчихоод байгаа юм. Хориг дотор аж үйлдвэрийн комбинатуудыг гэж олон тоон дээр үг байгаа шдээ. Тэд нар нь юу ч юм билээ, ойлгогдохгүй л байгаа юм. Төсвийн байнгын хороонд орж ирээд тайлбар хийхээрээ энэ бол улсаас гарах мөнгө биш, компаниуд хувийн хөрөнгөөрөө хийчих юм гэсэн. Хориг тавихаараа төсөвт суулга гэчих юм. Ийм юм болоод байгаа учраас энэ хоригийг дэмжих боломжгүй болчихоод байна. Мөн бүхэлд нь хориг тавьсан учраас ирэх жилийн гуравдугаар сар хүртэл улс орон төсөвгүй болчих гээд байгаа байхгүй юу. Ингээд эмх замбараагүй нөхцөл үүсчих ийм л юм харагдаад байна.
Ингээд 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй. Уг асуудлыг маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
1 comment
http://StartWeeklyJob.com/?userid=138871