Өмнөд Суданы нэгэн иргэн насанд хүрээгүй охиноо хүнтэй гэрлүүлэхийн тулд Фейсбүүкээр дамжуулан дуудлага худалдаа зохион байгуулсан нь нийгмийн сүлжээний хяналтын асуудал хурцадмал байдалд ороод байгааг дахин сануулсан хэрэг боллоо. Охины гэр бүлийнхэн дуудлага худалдаа зохион байгуулж, түүнийг хадамд гаргасныхаа шанд их хэмжээний инж горьдон, хамгийн өндөр үнэ хэлсэн хүнтэй 16 настай охиноо хүчээр гэрлүүлэх санаа агуулж байжээ.
Тус дуудлага худалдаа нь аравдугаар сарын 25-нд эхэлсэн байна. Олон улсын хүүхдийн эрхийн “План” байгууллагын мэдээлснээр дуудлага худалдаагаар таван эр охиныг авах хамгийн өндөр үнэ хэлжээ. Тэдний дотор Өмнөд Суданы төрийн өндөр албан тушаалтнууд ч байсан гэнэ. Өндөр үнэ хэлсэн эртэй охиноо гэрлүүлсэн аав нь инж болгон 500 үхэр, гурван машин болон 10 мянган ам.долларыг авсан бөгөөд хуримыг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулжээ.
“Насанд хүрээгүй хүүхдийг дэлхийн хамгийн том сошиал сүлжээгээр зарсан нь сэтгэл эмзэглэмээр, итгэмээргүй хэрэг болсон” хэмээн хүүхдийн эрхийн байгууллагын ажилтан хэлсэн байна. Фейсбүүк компанийн мэдэгдсэнээр, дуудлага худалдааны тухай нийтлэлийг арваннэгдүгээр сарын 9-нд охиныг аль хэдийн хүний гэргий болсон байхад нь олж харсан аж. Тус компанийн зүгээс хэм хэмжээг зөрчсөн мэдээллүүдийг шүүн, нэн даруй устгахаар аюулгүй байдлын албаны хүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэв.
Олон улсын хүүхдийн эрхийн “План” байгууллагын зүгээс Өмнөд Суданы Засгийн газрыг тус хэрэгт холбогдсон этгээдүүдийг олж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Өмнөд Суданд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөн тохиолдол маш ихээр гардаг билээ. Харин Фейсбүүкийн хувьд иймэрхүү булхай зүйлийг платформдоо нийтлүүлж, олон нийтэд хүргэж байгааг нь хараагүй нь бас нэг том асуудал болж байна.