ЖДҮ-чин гишүүд зээл авъя гээгүй байхад ав гэж байгаад өгчихсөн гэж хэлжээ

Сүүлийн үед дэгдээд байгаа ЖДҮХС-ийн зээлийн дуулианыг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг зарим УИХ-ын гишүүд боловсруулж УИХ-ын даргад өнөөдөр (2018.11.21) өргөн барилаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийхдээ дээрх үгийг хэлсэн юм.
Энэхүү түр хороонд ЖДҮХС-тай нэр холбогдоогүй УИХ-ын гишүүд багтах бөгөөд үүн дээр Ардчилсан намын гишүүдийг татан оролцуулах саналаа өгөөд байгаа гэж Түр хороог санаачлагчид хэлж байна.
Энэхүү Түр хороонд ЖДҮХС-тай нэр холбогдоогүй, зээл аваагүй гишүүд багтсан. Гишүүд эндээс зээл аваагүй гэдгээ мэдэгдээд орж байгаа байх гэж тэд мөн хэлж байна. Хэдийгээр Засгийн газар бүх санг шалгаж байгаа ч энэ асуудал замхарах тийшээ хандаж магадгүй болоод байна.
Ерөнхий сайд өөрөө жижиг нөхдүүдтэйгээ л хариуцлага ярьж байна. Яагаад Содбаатар, Цэрэнбат нарын сайдтай ярихгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас бид энд анхаарал хандуулж байна. Хулгайч хулгайчаа шалгадаггүй биз дээ. Тэгэхээр сайд нь холбогдсон Засгийн газар энэ хэргийг шалгаж чадахгүй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэв.
Мөн Н.Номтойбаяр гишүүн ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүд намын бүлгийн хурал дээр зээл авъя гэж хэлээгүй байхад зээл өгөөд, авсаны дараа ийм юм яриад байх юм. Үүнийг мэдсэн бол авахгүй байсан юм гэж хачин хачин юм ярьж байгаа хэмээн хэлэв.
УИХ-ын тухай хуулийн 25 зүйлд УИХ асуудлыг Түр хороо байгуулан судлах шалгах заалт бий. Энэ дагуу тус Түр хороо байгуулагджээ. Ажлын хэсэгт Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Амарзаяа нарын гишүүд багтсан байна.