ЦУВРАЛ-1
-Хүү бууруулах бодлогын эсрэг үйлчилгээний хураамжаа нэмж иргэдээ шулж байна-
Харилцагч бүрийнхээ төлөө гэх уриатай ХААН банк хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдээ гомдоосон үйлдэл өдөр бүр шахам гаргадаг гэхэд хилсдэхгүй. Монгол орны өнцөг булан бүрт салбартай, АТМ-ын байршил, тоогоороо ч тэргүүлдэг энэ банктай холбоотой гомдол, мэдээлэл олон нийтийн сүлжээ, цагдаагийн газар, хэлтсүүдэд өдөр бүр л очиж байна. Харамсалтай нь тус банкныхан харилцагчдаа гомдоосон үйлдлээ эс зөвшөөрч, бараг тэднийг буруутгадаг нь гэм биш зан.
Арилжааны банк бол иргэдийн итгэл дээр тогтож байдаг эмзэг байгууллага. Ийм эмзэгхэн салбарт ажиллагсдын болчимгүй үйлдэл тухайн банкных нь нэр хүндэд асар их хор хохирол учруулж байдаг. Монголын хамгийн том, орон даяар салбар нэгжтэй ХААН банкныхан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ данснаас хулгай хийх явдал гарсаар байгаа нь тус банкинд итгэх иргэдийг итгэлийг алдруулж байгаа юм. Зээлийн хүүгийн шимтгэл, АТМ-аас мөнгө авах, мессежээр мэдээллээ авах бүрт 50-100 төгрөг хумсалсаар буйд олон хүн дургүйцдэг.
Сүүлдээ ухаалаг банкны үйлчилгээ гээд бас мөнгө хумсалж байгаад иргэд дургүйцлээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх болсон. Тухайлбал, нэг иргэн фэйсбүүк хуудсандаа “ХААН банкны ухаалаг банк аппликейшн шинэчлэгдлээ гээд их сурталчлах юм. Бас “Банкинд бага, амьдралдаа их цаг зарцуул” гэж хүмүүсийн тархийг угаана. Энэ удаа ганц ухаалаг банкны жишээн дээр сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Өмнө ухаалаг банкны нэг жилийн төлбөр нь 10 000 төгрөг байсан бол энэ удаад шинэчлэгдсэнээр жилийн хураамж гэж байхгүй нэг удаагийн гүйлгээ нь 100 төгрөгийн шимтгэлтэй болсон. Энэ бол боловсон луйвар.
Жишээ нь, би өдөрт багадаа 10 удаа интернэт банкаар гүйлгээ хийдэг. Энэ шинэ хураамжаар өдөрт багадаа 1000 төгрөг төлөхөөр болж байна. Нэг сард 30 000, жилд 365 000 төгрөг хамгийн багадаа зарцуулах нь байна шүү дээ. Банк юу дутсан, яасан гэж биднийгээ тэнэгтүүлэн дахин дахин луйвардсаар байгаа юм бэ. Банкууд, тэр дундаа ХААН банк минь ээ. Энэ бусармаг үйлдлээ болиоч” хэмээсэн байгаа. Ганц ХААН банк гэлтгүй, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд төрөөс барьж буй хүү бууруулах бодлогын эсрэг авч буй арга хэмжээ нь харилцагч, үйлчлүүлэгч жирийн иргэдийг шулах бололтой.
Үйлчилгээний хураамжуудаа “ухаалаг банкны үйлчилгээ шинэчлэгдлээ” гэх мэт элдэв малгай, халхавч доор нэмж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ мэтээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ халаасыг сэгсэрч байгаа банкинд итгэж болох уу. Тэр дундаа хадгалуулсан хэдэн төгрөгийг нь үрэн таран хийж байгаа ХААН банканд дуугүй л итгэсээр байх уу, монголчууд бид.
ХААН банк Хадгаламж эзэмшигчдийнхээ эрхэнд халдсанаа хүлээн зөвшөөрөв
ХААН банкны цахим сүлжээнд суурилсан үйлчилгээний нууцлал маш муу, түүнийг нь далимдуулан банкныхан ч, хакерууд ч иргэдийн данснаас хулгай хийх тохиолдол олон гарсан. 2014 онд “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэгийн тус банкин дахь данснаас хоёр удаа мөнгө шилжүүлэн авсан байж. Эхний удаа өөр хүний данс руу 800 мянган төгрөг шилжүүлсэн, дараа нь тэтгэврийн зээл гээд 450 мянгыг авчихсан байсныг тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудсанд бичсэн байв. Хэн түүний данснаас мөнгийг нь ийнхүү завшсан нь тодорхойгүй өнгөрсөн.
2015 онд ХААН банкны орон нутгийн салбарын нэг ажилтан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гээд хэд хэдэн хүний дансыг дур мэдэн шалгасан байсан гэдэг. 2016 онд тус банкны ажилтнууд харилцагчдынхаа мөнгийг залилж авсан хэрэг гарч байлаа. 2017 оны тавдугаар сард иргэн Б.Алтангэрэлийн 10 сая төгрөгийг дөрвөн удаагийн гүйлгээгээр өөр данс руу шилжүүлж авсан талаар тэрбээр гомдол гаргаж, хууль сахиулах байгууллага, ХААН банкны холбогдох албанд хандаж байсан билээ.
Мөн онд нэг иргэний данснаас гурван сая төгрөгийг нь өөр данс руу шилжүүлэн авч байгааг мессежээр мэдээд харилцагчдын үйлчилгээний төвд хандахад үл ойшоож байсан гэдэг. Хууль сахиулах байгууллагад ажилладаг хүн тулдаа алдсан гурван сая төгрөгөө ХААН банкнаас гаргуулж авч чадсан юм даг. Жирийн иргэд бол шүүх, цагдаагаар яваад эцэстээ залхаад хаяна л даа. ХААН банктай холбоотой хэд хэдэн шүүхийн шийдвэр байгаа. Булган аймгийн Гурванбулаг сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч Д эрх мэдлээ ашиглан хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг нааш цааш нь болгож, улмаар үүнийх нь учрыг нягтлалгүй тус банк иргэдийн дансыг хууль бусаар хаасан байв.
Иргэн Д 2015 оны хоёрдугаар сард тооцооны төвийн эрхлэгчийн хүсэлтээр хадгаламжаа барьцаалан есөн сая төгрөгийн зээл авч, арваннэгдүгээр сард нь 11 сая болгож зээлийг нь хаасан аж. Гэтэл хэд хоногийн дараа ХААН банкнаас “Тооцооны төвийн эрхлэгч Д таны дансанд албаны мөнгө хууль бусаар хийсэн” гээд буцаан татжээ. Улмаар иргэн Д-гийн хадгаламжийн дансны гүйлгээ хийх эрхийг нь бүхэлд нь хаасан байна. Мөн дээрх тооцооны төвийн эрхлэгч Д “Тооцооны төвийн барилга барих тендерт орох гэтэл 30 сая төгрөг дутаад байна. Зээлүүлээч” гэсэн хүсэлтийн дагуу иргэн С хадгаламжаа барьцаалан уг мөнгийг нь авч өгчээ.
Хэд хоногийн дараа мөн л ХААН банкнаас дуудаж хадгаламжийнх нь дансны гүйлгээ хийх эрхийг нь хаажээ. ХААН банк ийнхүү хэд хэдэн хүний хадгаламжийг дур мэдэн эрхийг нь хаасан байгаа юм. Үүнд дургүйцсэн иргэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан бөгөөд үүндээ “Хаан банк хүний дансанд байгаа мөнгийг өөрөөс нь бусад хүнд өгдөггүй. Өөрт нь өгөхдөө иргэний үнэмлэхийг нь шаардаж байж сая нэг юм олгодог атлаа тус банкныхан өөрсдөө хүний дансанд зээл төлж орж ирсэн мөнгийг татаж авч бидний эрхийг зөрчиж байна.
Дансыг маань хаах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад банк дур мэдэн хадгаламжийн минь гүйлгээг хаалаа. ХААН банкин дахь дансыг бүхэлд нь хааснаас болж хэрэглээний мөнгөөр дутаж маш ихээр хохирч байна. Иймд хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн ХААН банкны хууль бус үйлдлийг зогсоож, нэхэмжлэгч нарын тус банкин дахь дансыг нээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. Харин ХААН банкныхан иргэдийн хадгаламжийн дансыг хууль бусаар хаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч “Банк өөртөө туслах зорилгоор нэхэмжлэгч нарын дансуудыг бүхэлд нь хаасан нь үнэн.
Харин тухайн гүйлгээний үнийн дүнгээр бус илүү гаргаж бүхэлд нь бүх дансыг хаасан нь манай буруу гэдгийг зөвшөөрч байна” хэмээсэн байгаа юм. Нэхэмжлэгчдийн дансыг хууль бусаар хааснаа нээхийг ХААН банканд даалган шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус банкнаас гаргуулж иргэдэд олгох шийдвэр шүүх гаргажээ.
Болчимгүй нэг теллерээс болж ХААН банкинд итгэх иргэдийн итгэл алдрав
Дундговь аймгийн Дэрэн сум дахь ХААН банкны тооцооны төвийн ахлах теллер М 2014-2016 онд албан тушаалаа ашиглан 17 иргэний 109 сая гаруй төгрөгийг нь залилан мэхэлж авсан байгаа юм. Энэ бол ХААН банкны теллерүүд дур мэдэн иргэдийн харилцах, хадгаламжийн данс руу эрх мэдлээ ашиглан орж, мөнгөтэй, эсэхийг нь шалгаж байдгийн тод жишээ. Жишээ нь, нэг хүн рүү М утасдаад “Хадгаламжид чинь мөнгө байна, зээлүүлчих” гэсэн бол тэтгэвэрт гараад удаагүй өөр нэгтэй нь уулзаад “Хадгаламждаа байршуулсан мөнгөө зээлүүлээч, байр авах гэсэн юм” гээд авчээ. Хохирогч А “2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өглөө М ажил руу минь ирж “Хадгаламжныхаа найман сая төгрөгийг зээлүүлээч.
Мөнгөний хэрэг гараад байна. Би зөвшөөрөхгүй байхад өрөөнд зогсоод ажил хийлгэхгүй байсан. Миний дансанд байгаа хадгаламжийн хэмжээг М мэдсэн учраас түүнийгээ барьцаалаад зээл аваад өг гээд байсан. Тэр өдрийн үдээс хойно дахиад ирэхээр нь би “Зөвшөөрөхгүй ээ, би хадгаламждаа хийсэн мөнгөө өөрөөсөө ч харамлаад хүрдэггүй” гэсэн. Гэвч шалсаар байгаад хадгаламж барьцаалсан зээл авахуулсан. Цагаан сар дөхөөд бараандаа явах үеэрээ мөнгөө авахаар бодож байтал ХААН банкны шалгалт ирж, ийм асуудал болсон. Уг нь би ХААН банкинд итгэж байсан, одоо гомдолтой байна. ХААН банк болон М-аар хохирлоо төлүүлнэ” гэжээ.
Бусад хохирогч нар ч “Хаан банк яагаад энэ хүний үйлдлийг газар авахуулчихдаг байна. Хажууд нь 3-4 хүн байсан атлаа М-ын үйлдлийг газар авахуулсанд харамсаж байна. ХААН банк ямар ч хараа, хяналтгүй урсгалаараа явж, харилцагч нарынхаа мөнгөөр тоглолоо” гэсэн. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийнх доргидог гэдэг дээ. Дундговь аймгийн Дэрэн сумын ХААН банкны ахлах теллерийн энэ болчимгүй, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үйлдлээс болж тус сумын иргэд уг банкинд итгэхээ больж зарим нь хадгаламжаа татаж өөр банк руу шилжүүлжээ.
Энэ талаар хохирогч Д “Хоёр хүүхэд оюутан болох гээд хадгаламж нээж хэдэн төгрөг дансандаа хийсэн байсан. Тэгтэл М зээлүүлээч гээд мөнгийг маань авсан. Нэг сарын дараа зургаан хувийн хүүтэй нь буцааж өгнө гэсэн ч товлосон хугацаа болж, хүүгээ тооцуулж авъя гэхэд 150 000 төгрөг л өгөөд таг чиг болсон. Энэ үйлдлээс болж бид нэг хүүхдийнхээ хадгаламжийг хаалгаж, нөгөө хүүхдийнхээ хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн. Дотор нь ажилладаг хүн биднийг залилсан учраас ХААН банканд итгэлгүй болсон” гэжээ. Өөр нэг хохирогч ч ХААН банкинд итгэлгүй болсноо хэлсэн байна. Тэрбээр “Тэр үед ХААН банкны шалгалтыг ахалж ирсэн хүнд гомдолтой байна.
Яагаад байгууллагаа өргүй болгож, харилцагчийг өртэй болгодог юм. ХААН банк ч бай, М ч бай олон хүний итгэлийг олсон. Харамсалтай нь хоёулаа өнөөдөр манай суманд нэр хүндээ алдчихсан. ХААН банк нийгмийн хариуцлага, ёс зүй, хариуцлага хүлээх чадваргүй. Иргэдэд учруулсан хохирлыг ХААН банк гаргах ёстой гэж бодож байна. Яагаад ХААН банк хариуцлага хүлээх чадвар байдаггүй юм бэ. М болон ХААН банканд үнэхээр гомдолтой байгаа” хэмээн мэдүүлэг өгчээ.
Шүүх Дундговь аймгийн Дэрэн сум дахь ХААН банкны тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан М-д холбогдох хэргийг хэлэлцээд “Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдэх үедээ ХААН банкны Дундговь аймаг дахь Дэрэн тооцооны төвд ахлах теллерээс ажиллаж байсан болох нь ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна гээд зарим хүнд учруулсан хохирлыг ХААН банкнаас гаргуулахаар болжээ.
Харин нэг хэсгийнх нь хохирлыг шүүгдэгч М-аас гаргуулж иргэдэд өгөхөөр шийдвэрлэсэн байна. Бид дараагийн цувралдаа ХААН банкныхан хууль, дүрэм, журам, шүүхээс дээгүүр жаалж, бусдад хохирол учруулсан талаар хүргэх болно.
Эх сурвалж: livetv.mn