Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар гэртээ харихаар гарсан Дэлгэрхаан сумын харьяат 52 настай иргэн С /эрэгтэй/ сураггүй болсон талаар бид энэ сарын 13-нд мэдээлж байсан.
Тэрээр “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс энэ сарын 8-ны 01:00 цагт гарсан аж. Тухайн газраас гэр хүртэл нь 1 км орчим зайтай юм байна. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн болон орон нутгийн иргэдийн хамт нийт 31 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13-ны өдрийн 10:10 цагт сураггүй болсон иргэний цогцсыг олжээ. Талийгаач С-ийн цогцсыг Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газраас 1 км-ийн зайд “Хэрлэн” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Харин “Хар” нууранд загасчлахаар явсан 48 настай Ж /эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдөр “Хар нуур”-ын эрэг дагуу болон “Их-Авгаш”, “Бага-Авгаш” арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхдаа “Их-Авгаш” арлын зүүн урд талын эргээс тухайн иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг хөвж явахад нь олсон байна.
Иймд орон нутагт автомашинтай болон явган зорчиж яваа иргэд гол мөрөн гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бидний өмнө мэдээлж байсан бие засах гэж машинаас буугаад сураггүй болсон иргэн А нь энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байгаагаа ах Д-д мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.