Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан 2018 оны III улирлын нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 мянган төгрөг буюу 15.6%-аар өссөн гэв. Үүнд: Цалин хөлсний орлого 63,700 буюу 12.1% Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26,300 мянга буюу 37.7%-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн ОРЛОГО 1.0 сая төгрөг хэмээн тооцон гаргасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 87,500 (9.4%) мянган төгрөгөөр өссөн дүн юм. Гэвч бодит ЗАРЛАГА 1.1 сая төгрөг болж, өмнөх оноос өссөнөөс гадна бодит орлогоосоо давсан нь харагдаж байна. Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга байна.
Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2018 оны 3 дугаар улиралд 0.186 болж, өмнөх оны мөн үеэс 0.023 нэгжээр буурч, харин өмнөх улирлаас 0.005 нэгжээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2018 оны 3 дугаар улиралд хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.6 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их гэсэн үг юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо