Эрх баригч МАН-ын зөрчил хяналтаас гарлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, зээл тараасан сайдын хэргээр эхэлсэн зөрчил өнөөдөр түрүүлээд Засгийн газар огцрох уу, УИХ-ын дарга огцрох уу гэдэг дээр тулаад байна.
ЖДҮ-тэй холбоотой шуугиан У.Хүрэлсүхийн Засгийн газрын суудлыг ганхуулмагц МАН-ын дарга зөрүүлээд УИХ-ын даргаа огцруулна, Хотын даргыг огцруулна хэмээн үзэж байна. Өглөө (2018.11.12) МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдэл хийж:
– ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст шат шатанд нь хариуцлага тооцохыг шаардаж, УИХ-аас ёсзүйн хороогоор оруулахыг шаардаж байна. Яагаад Засгийн газар хууль хяналтын байгууллагаа зохион байгуулаад шударга бус явдалтай тэмцэж чадахгүй байгаа юм гэдгээ Ерөнхий сайд олон түмний өмнө тайлбарла. Шударга байж шударга юм ярих ёстой гэдгийг би улс төрийн бүх албан тушаалтнуудад хандаж хэлмээр байна. Хуулийн байгууллагууд энэ асуудлуудад, нийгмийн өмнө бухимдсан олон асуудалд нэн яаралтай хариу өгөөч. Өнөөдөр Ерөнхий сайд чинь “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна” гэдэг үгийг УИХ-ын индэр дээрээс хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ? хэмээн мэдэгдсэн юм.
Өдөр нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд зөрчил, маргаантай өрнөсөн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргыг болон МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нартай хариуцлага тооцно гэж мэдэгджээ. Энэ нь Д.Хаянхярваагийн мэдэгдлээр эхэлсэн Ерөнхий сайдын М.Энхболдын фракцид өгч байгаа хариу байсан болов уу.
Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуг М.Энхболдын тал ч зөрүүлэн барьсан бөгөөд Засгийн газартай хариуцлага тооцно, ЖДҮ-ийнхний асуудлыг яагаад хэлэлцэхгүй, нуун дарахыг хичээж байгаа юм бэ хэмээн сөргөлдсөн сураг байна.
МАН-ын зөрчил ийн туйлдаа хүрч, одоо М.Энхболд түрүүлж огцрох уу, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу гэдэг асуулт хариу хүлээж эхлэв. Хэдийгээр МАН-ын дарга ч У.Хүрэлсүхэд, УИХ-ын даргыг огцруулах эрх зүйн боломж байхгүй. Муу ч гэсэн Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан хууль тогтоох дээд байгууллагын даргыг нэг улс төрийн намын дарга “дургүй хүргэсэн” гэдэг шалтгаанаар огцруулна гэж байхгүй. Асуудлыг шийдэх эрх нь УИХ-ын бүрэн эрхэд бий. Санал ороод ирдэг юм аа гэхэд УИХ-ын хурлын гишүүд л кноп дарна. Харин эсрэгээр УИХ-аар томилогддог Засгийн газар, түүний танхимын тэргүүн өөрөө эхлүүлсэн асуудал дээрээ эвгүйхэн гишгээд унах магадлалтай.
МАН-ын УИХ дахь бүлгийн даргын асуудлыг харин намын хэмжээнд шийдэж болно. Намын дарга санал оруулж хэлэлцүүлнэ. Зөвхөн энэ асуудал Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хамааралтай. У.Хүрэлсүхийн түргэн зан, болчимгүй мэдэгдлүүд МАН-ын зөрчлийг тогооноос хальсан, хяналтаас ч гарсан гэдгийг харуулж байх шиг. Үдээс хойш дахин хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
1. УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг.
2. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг.
3. Улаанбаатар хотын дарга С.Батболд та ажлаа өг хэмээн дахин мэдэгджээ.
МАН дотор яг одоо “чи түрүүлж зайлах уу, би түрүүлж зайлах уу” гэдэг марафон явагдаж байна. Үйл явдлууд ойрын өдрүүдэд улс төрийн өнгө аяс нэлээн ширүүсэх хандлагатай болж байна.
2 comments
tegvel zeeluudee khuvaaj ideed l yavj baikhgui yu khayankhyarvaa chin kharin jinkhene chalkhaa yu ugui yu, ard tumend zeel oldokhgui baigaa ni unen shuudee ter tusmaa udriin zeelend amidral ni jivj baigaa khichneen khun bars deer naimaa khiidgiig ed nar medekh bolov uu?
МАН Газрын наймаа, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон М.Энхболд, тэргүүтэй нөхдүүдээсээ хурдан салах хэрэгтэй дээ