Малын ээмэг, зураасан кодын талаар махны үйлдвэр, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд мэдээлэл хүргэх зорилготой сургалт өчигдөр (2018.10.30) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болов. Уг сургалтыг “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-нд хамрагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээний явцад Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) малыг эмнэлгийн үзлэгт хамруулан эрүүл, эмийн үлдэгдэлгүйг баталгаажуулна. Худалдааны байгууллага зөвхөн МЭЕГ-аас тодорхойлж, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг худалдаална. Ингэхийн тулд малчин зах зээлд нийлүүлэх малын тоогоо аймаг, сумынхаа Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдсэнээр ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас давтагдашгүй хувийн дугаарыг үйлдвэрт илгээнэ. Үйлдвэр уг дахин давтагдашгүй малын хувийн дугаар бүхий ээмэг үйлдвэрлэх юм.
Орон нутгийн малын эмч малд эрүүл мэндийн үзлэг хийсний үндсэн дээр аймаг, сумын Хөдөө аж ахуйн тасаг болон Мал үржүүлэг, технологийн нэгж малыг ээмэглэн, малын шилжилт хөдөлгөөний тодорхойлолт гаргана. Энэ тодорхойлолтыг үндэслэн мал эмнэлгийн гэрчилгээ олгох юм. Програм хангамжаас гарал үүслийн гэрчилгээг хэвлэн ангилсан маханд бар код, QR бүхий шошгыг наах бөгөөд дэлгүүр шошготой махыг борлуулахад хэрэглэгчид малын бүртгэлийн аппликейшны тусламжтайгаар тухайн махыг БАТАЛГААЖСАН гэдгийг харах боломжтой.