УИХ дахь МАН-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрсдийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авсан нь ил болсон. Энэ талаар өнөөдөр (2018.20.26) УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тус сан иргэн, аж ахуйн нэгжид тав хүртэл жилийн хугацаатай 300 саяаас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог бөгөөд дээрх зээлийг

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
  5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК,
  6. Н.Учралын аавын “Хүннү” ХХК,
  7. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК,
  8. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК авсан талаар АН-ын бүлгийн дарга мэдээлж байна.

Ерөнхий сайд нарт хандсан шаардлагад  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна.

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас:

  • 2016 онд 56.7 тэрбум төгрөг,
  • 2017 онд  50.6 тэрбум төгрөг,
  • 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан.

Гэтэл илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтэнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан.

Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.

Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцлохгүй болохыг анхааруулж байна” хэмээн дурджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн