Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын дунд хоёр дахь жилдээ болзолт уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны гол зорилго нь үйлчилгээний чанар, соёл хангалтгүй, заал нь бохир, буудлаа зарладаггүй гэсэн иргэдээс ирэх гомдлыг арилгах юм. Уралдаан энэ сарын 22-ноос ирэх арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл явагдах бөгөөд нийтийн тээвэр болон хот орчмын 18 чиглэлийн ААН, такси үйлчилгээний арван ААН хамрагдах аж.
Ямар ч хөгжилтэй орны нийтийн тээвэрт том оврын автобус үйлчилдэг. Энэ ч утгаараа Улаанбаатарчуудын хөл дүүжлэх унаа нийтийн тээврийн автобус.
Уралдаанд тавигдах шаардлага:
Оролцогчдыг: -Үйлчилгээний чанар, соёл, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээ бүрэн бүтэн байдал
-Хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох, дүрэм журмын хэрэгжилтийг харгалзах
-Иргэдээс ирүүлсэн үйлчилгээний санал хүсэлт зэргийг үндэслэн эдгээр гурван шалгуураар дүгнэж, хариуг гаргах аж.
Уралдааны дүнг шалгаруулахдаа нийтийн тээврийн үндсэн үйлчилгээ эрхлэгч ААН-ээс эхний дөрвөн байр, такси үйлчилгээнээс эхний гурван байрыг шалгаруулж тус бүр мөнгөн шагнал дагалдуулах юм.
Хангалтгүй үнэлгээ авсан ААН, байгууллагыг холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулах аж.