Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнөөдөр (2018.10.25) ээлжит “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа зарлав. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-Шатахууны үнийн өсөлт түүнийг дагалдах бараа бүтээгдэхүүний өсөлтөд Засгийн газар санаа зовж байна. Үнийн зөвлөлийг хуралдуулж, аж ахуй нэгжүүдтэй уулзахад дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбож тайлбарладаг, одоо харьцангуй олон улсын бирж дээр үнэ буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Шатахууны үнийг богино хугацаанд бууруулах санхүүгийн боломж бидэнд байхгүй. Энэ бол Сангийн яаман дээр яригддаг, мөн онцгой албан татвар зэрэг бусад татварууд Сангийн яаманд харьяалагдаж байна. ОХУ-ын Роснефть компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Тус компанийн бүх захирал энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна. Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах, газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн. Ирэх сарын 15-ны дотор ажлыг хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой хэмээн мэдэгдлээ.
Засгийн газар нүүрсний борлуулалтыг ирэх жил 42 сая тонн гэж тооцоолсон. Одоогийн нүүрсний гаралтыг 1700 хүргэх чиглэлээр ажиллаж, тэдний хүсч байгаа нүүрсний квот олгох ажлыг дэмжих зарчмаар ярилцаж байна. Орон нутгийн иргэдийн сонирхол, байгаль орчинтой холбоотой, ажлын байр, амьжиргааны түвшин дээшлүүлэх зэрэг уул уурхайн салбарт цохилт болж ирдэг. Түүний нэг нь Дорнод аймгийн газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг аймгийн ИТХ гаргасан. Энэ нь өөрөө хэтэрхий улстөржсөн шийдвэр гэж харж байна. Бид холбооны улс биш, нэгдмэл улс. Улсын орлого олох хэсгийг ингэж гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. БНХАУ-тай тогтвортой хөгжлийн гэрээ хийгээд л олон хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар болж байна. Энэ асуудал нь өөрөө нүүрсний экспорт, борлуулалттай шууд холбоотой.
Тэгэхээр зарим хүмүүс улс оронд ямар хор хохиролтой зүйл хийж байгаагаа ойлгомоор байгаа юм. Ялангуяа орон нутгийн удирдлагууд. Хэмжээндээ, хуульдаа захирагдах хэрэгтэй. Дорнод аймгийн удирдлагуудад төсвийн орлогыг тасалдуулж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсч байна. Яг өнөөдрийн байдлаар өдөрт 770 сая сард 23 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүсээд байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үүсч байна. Ийм асуудлыг санаатайгаар зогсоож, мөнгө нэхэж болохгүй. Уул уурхайн салбарт хүндрэл гаргаж байгаа нэг асуудал бол орон нутгийн удирдлагуудын улстөржилт байна хэмээн ярив.