Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага нэмэгддэг билээ. Өнөө өглөө гэхэд галын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өглөөний 04.00 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч 04.45 цагт очиход таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг унтраасан байна.
Харин уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөж нас барсан байсан, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.