Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр (2018.10.18) эхлэв. Монгол Улс 2017 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэе.
Өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “ өргөө гэр” байж чадсан…
Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ.
Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.
Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд байгуулсан “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.
Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм.
XXI зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм.
АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна.