Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
Элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа. Жилээс жилд өссөн хэвээрээ юу, буурах хандлага ажиглагдаж байна уу?
-Олон жилийн өмнөх B C вирусийн халдвараас үүдэлтэй болохоор өвчлөл буурах ямар ч үндэсгүй. Нэг олзуурхмаар зүйл ажиглагдаж байгаа. Нийгэмд элэгний өвчин, элэгний хатуурал, вирус, элэгний хавдар ихсэхтэй зэрэгцээд хүмүүст болгоомжлол үүсчихэж. Болгоомжлол гэдэг нь айдас биш л дээ. Хэвлэл мэдээллээр энэ талаар их хөндсөнтэй холбоотойгоор хүмүүс өөртөө илүү анхаарч эхэлж байна. Ийм шалтгаанаар хавдар оношлогдох нь сайжирч эхэллээ. Түүнээс гадна Хавдар судлалын үндэсний төв ХААН банк, МҮОНРТ-тэй хамтраад Хавдрын аян өрнүүлж байгаа. Эрдэнэт хотоос эхэлсэн. Зөвхөн нэг аймагт гэхэд л элэгний арван хавдар оношлогдох жишээний. Нийгэмд үнэхээр хэрэгтэй үйл ажиллагаа. Үүний цаанаасар их хөдөлмөр, мөнгө зарцуулагдаж байгаа. Энэ мэт ажлуудтай холбоотойгоор хавдрын илрүүлэлт сайжирч байна. Саяхан Дурангийн анхдугаар чуулга уулзалт гэж болсон юм. Би Элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүнийхээр хувьд нэг зүйлийг онцолж хэлсэн. Гурван жилийн өмнө оношлогдож байсан хавдрын дундаж хэмжээ долоон сморчим байлаа. Гэтэл одоо дунджаар дөрвөн см байна. Эрт үедээ ирж байна гэсэн үг.
Монголчууд элгэнд тэр энэ сайн гээд өчнөөн юм дур мэдэн хэрэглэдэг. Сүүлийн үед сибирийн хар хорхой сайн гэж шуугих боллоо. Үүн дээр таны бодлыг сонсмоор байна?
-Монголчууд их гэнэн, итгэмтгий улс. Тийм учраас л Сибирийн хар хорхой залгивал зүгээр болно гэдэгт итгээд байгаа юм. Яаж тийм гэнэн байж болдог юм, бүү мэд. Эмчлэгдэх боломжгүй болсон улсын хувьд аргаа бараад сайн гэсэн бүхнийг хэрэглэдэг байх. Эмчлэгдэх боломжтой улсын тухайд гипноздуулах ч юм уу, тан уугаад эдгэрнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Би хүмүүст зориуд нэг зүйлийг анхааруулж хэлмээр санагддаг. Дэлхий дээр өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалттай эмийн том компаниуд ажилладаг. Эмчилдэг юм байгаа тохиолдолд тэд зүгээр хараад суудаггүй. Шууд л авч практикт хэрэгжүүлээд мөнгө олохыг боддог. Монгол ганцаараа нууцат арал юм шиг, гэнэт сонин хачин эмчилгээ гарч ирээд, тэр нь үйлчлээд эхэлнэ гэж байхгүй л дээ. Хүмүүс зарим тохиолдолд бие биедээ хор болж байгаагаа мэддэггүй. Нэг найз нь өвдчихлөө гэхэд Сибирийн хар хорхой идээд зүгээр болсон гээд эмчлэх боломжтой байсан үеэс нь холдуулчихдаг. Тэгэхээр эхлээд тус болох гэж байгаад гай тарих вий гэж болгоомжлох ёстой. Батлагдаагүй, нотлогдоогүй, туршилтын эмчилгээ хийлгэж огт болохгүй.
-С вирусийн эсрэг эм орж ирж байгаа гэсэн мэдээлэл олны сонирхлыг их татаж байна. Үнэ нь зөрөөтэй байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ эм орж ирснээр ямар үр дүн гарах бол?
-Энэ бол жинхэнэ нотолгоонд тулгуурласан эм. Олон жилийн клиник судалгааны үр дүнд гаргаж авсан. Монголчуудын дунд тархаад байгаа С вирусийн нэгийн \”б” гэдэг гинотепийг 91 хувь устгадаг. Энэ эмийг оруулж ирснээр С вирусийн халдвартай олон хүнд тусаа өгнө. Вирусийн халдвараас болж элэг нь гэмтсэн хүмүүсийг аврах хамгийн зөв зам. Үнийн хувьд хугацааны л асуудал байгаа. Гурван сарын хэрэглээ нь 600 ам.доллар бол зургаан сарын хэрэглээ нь 900 ам.доллар. Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч хэдэн сар эмчлэхээ шийднэ гэсэн үг. Үүнийг ялгаж ойлгохгүйгээр үнэ нь зөрүүтэй гэсэн мэдээлэл түгсэн байх.С вирусын ачаалал гэж ярьдаг. Хэр олноор үржиж байна гэдгийг нь хэмждэг вирус тоолох шинжилгээ бий. Ийм шинжилгээ хийгээд саяас дээш байвал зургаан сар, саяас доошоо байвал гурван сар эмчлүүлэх ёстой гээд гаргаад ирдэг юм.Энэ эмийг оруулж ирэхийн төлөө ажилласан олон газар бий. Эрүүл мэнд, спортынсайд Шийлэгдамба ч маш эрчимтэй ажилласан. Компани дээр нь очоод хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хямдралтай үнээр авахаар болсон. Ийм зүтгэл гаргаж энэ эмийг оруулж ирэхээр болгочихлоо. Энэ улсыг нийгмийнхээ өмнө том гавьяа байгууллаа гэж үзэхээс аргагүй.
–С вирусийн эсрэг эм танил, талын хүрээгээр зарагдаад дуусчих вий гэсэн болгоомжлол байх шиг?
-Оруулж ирсэн хямдралтай эмээ хэрэгтэй улсад нь яаж зөв хэрэглэх вэ гэдэг дараагийн шатны чухал асуудал. ЭМСЯ саяхан С вирусийн эмчилгээний удирдамжийг баталчихлаа. Бид саналаа өгсөн. Энэ эм орж ирэхэд танил талаараа тараачихна гэсэн ойлголт байхгүй.
–Биеийн байдал, өвчний явцаас нь хамаараад хүмүүсээ эмчилгээнд хамруулаад эхэлнэ гэсэнүг үү?
-Тэгнэ.Хэт төвлөрлийг сааруулж, дүүрэг, орон нутагт нь түгээх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бодлогыг яамнаас барьж байгаа. Гагцхүү шинжилгээ нь зүй ёсоороо хийгдсэн байх ёстой.
–Элэгний хавдар анхан шатандаа илэрлээ гэж бодоход бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Жилдээ 1900 гаруй хүн элэгний хавдраар оношлогдож байна. 3000 гаруй хүн элэгний хавдартай амьд явж байна. Нэг, хоёрдугаар үе шатанд оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой. Элэгний хавдар ихэвчлэн элэг хатуурах өвчинтэй хамт илэрдэг. Хатуурах өвчин, элэгний хавдар гэсэн хоёр өвчин нэг дор бий болдог юм. Хавдрыг нь эмчилсэн байхад элэгний хатуурал нь ноцтой бол хэцүү. Элэгний хатуурал буюу цирроз бол айхавтар хүнд онош. Манай эмч нар буруу онош тавиад байдаг. Цирроз буюу элэгний хатууралгүй хүмүүсийг хатууралтай гэж оношлоод аймшигтай байдалд оруулдаг тал бий. Хатуурлыг эмчилдэг цорын ганц арга бол элэг солих. Хатуурлын өмнө элэг сорвижилтын үе гэж бий. Тэрийг нь цирроз гэж буруу оношлоод байна л даа.
–Элэг сорвижилтын үед бол эмчлэгдэнэ гэсэн үг үү?
-Зөв эмчилгээ хийвэл элэг хэвийн байдалдаа эргэж ордог. Цирроз болсон үед хэвийн болдоггүй.
Вирусийн халдвар элэгний хавдрын нэг том шалтгаан гэдэг нь ойлгомжтой. Элэгний хавдрынбас нэг шалтгаан нь бидний буруу зуршил мөн үү?
-Таны хэлсэнчлэн B, C вирус бол номер нэг шалтгаан. Ийм вирустэй улс архи уух нь элэгний хатуурал гэсэн оноштой болоход амархан байдаг.Хугацаа нь түргэсдэг юм. Вирустэй хүмүүс цирроз болоход 10-15 жил шаардагддаг бол архи уудаг тохиолдолд 5-7 жилийн дотор л цирроз болох эрсдэлтэй. Вирусгүй байлаа ч архаг архичдын хувьд элэг хатуурах эрсдэл бий. Түүнээс гадна таргалалт гэж том эрсдэл байна. Таргалалт элэг өөхлүүлдэг. Өөхөлсөн элэг хатуурдаг.
–Элэг өөхөлнө гэдгийг энгийнээр тайлбарлаач?
-Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл. Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй. Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой. Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой.
Архи уудаггүй, вирусгүй хэрнээ элэг нь өвчлөөд байдаг хүмүүс олон таардаг. Энэ ямаручиртай юм бол?
-Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг. Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй.
Өвчлөл өндөр учраас эмнэлгийн ачаалах их, асуудал өчнөөн байгаа. Хамгийн түрүүндшийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?
-Би тасгаараа бахархдаг. Манай тасаг хорьхон ортой. Элэгний хавдар дангаараа нийт хавдрын 40 хувийг эзэлдэг. Хорьхон орон дээр улсын хэмжээнд үйлчилгээ явуулдаг тасаг гэсэн үг. Манайд хагалгаанд орох гэж хавдартай хүмүүс сар хүлээж байна. Төсвийн хэлэлцүүлгээр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг ямар ч байсан дуусгахаар боллоо. Тэрбум 200 сая төгрөг баталсан. Оны сүүлээр ашиглалтад өгнө гэж яриад байгаа. Барилга барьж байгаа компани нь ч санаа зовох ёстой л доо. \”Биднийг байшин барьж чадахгүй удаж байгаагаас болж энэ олон хүн зовж байна” гэж ухамсарлах учиртай. Эмнэлгийн барилга барина гэдэг асар том хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөө баталж өгөхгүй байсан гэсэн тайлбар хэлэх байх л даа. Тэгвэл одоо мөнгө нь батлагдсан юм чинь цаг алдахгүйгээр хамаг чадлаараа ажиллах ёстой. Ашиг олох гэхээс гадна нийгэмд тустай ажил гэдэг талаас нь харах учиртай. Гэтэл одоо барьж байгаа байдлыг нь харахаар хэлэх үг олдохгүй байна. Дахин хэлэхэд энд нэг компанийн барилгын асуудал биш нийгмийн эрх ашиг яригдаж байгаа.
–Өргөтгөл баригдвал танай тасгийн ачаалал хэр буурах вэ?
-Хоёр дахин буурна. Хоёр хагалгааны өрөө нэмэгдэнэ. Ор хоёр дахин нэмэгдэнэ. Оочер хоёр дахин буурна гэсэн үг. Хавдартай хүмүүсийн хувьд бүтэн сар оочерлоно гэдэг хэцүү. Хоёр долоо хоногтоо багтчихвал өөр шүү дээ. Жилдээ зөвхөн элэгний хагалгаа гэхэд л нэг хагалгааны өрөөнд 260-ыг хийж байна. Хагалгааны баг өдөр шөнөгүй, зогсоо зайгүй ажиллаж байна. Бид авч байгаа цалингаасаа илүү ихийг иргэдийнхээ төлөө зориулж байгаа. Улс ч гэсэн ийм сэтгэлээр хандмаар санагддаг. Манай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа компани ч ялгаагүй. Бүгд нэг сэтгэлээр хичээж ажиллавал өнөөдөр үүсчихээд байгаа асуудлууд эерэгээр шийдэгдээд эхэлнэ