АНУ-ын Хойд Каролинагийн Анагаахын их сургуулийн эрдэмтэд хоол боловсруулах замын янз бүрийн эмгэгийг эмчлэхэд нярай хүүхдийн ялгадсыг ашиглах цоо шинэ саналыг дэвшүүлсэн нь дэлхийн анагаах ухаанд багагүй шуугиан дэгдээгээд байна.
Ходоод, гэдэсний өвчнийг эмчлэхэд пробиотик болон бусад төрлийн бактер нь маш чухал үүрэгтэй гэдгийг эмч нар төдийгүй энгийн хүмүүс ч сайн мэддэг. “Бактер” гэсэн нэртэй гэдэсний гүйлгэлтийг зогсоох эм хүртэл төрөл бүрээрээ худалдаалагддаг шүү дээ. Харин пробиотик бактерийг нялх хүүхдийн ялгадаснаас гарган авна гэвэл та бидний оюун ухаанд нэг л багтаж өгөхгүй нь ойлгомжтой.
Үүнийг ойлгохын тулд эрүүл мэндийн бага зэргийн мэдлэг бидэнд хэрэгтэй болно. Пробиотик бактер гэгч нь хүний биед заавал байдаг бөгөөд бидний биеийг бусад төрлийн эмгэг бактераас хамгаалдаг юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал бидний биед байдаг төрөл бүрийн нянгууд нь дотроо өвчин үүсгэгч, өвчнөөс хамгаалдаг гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Хүний биед байдаг өвчин үүсгэгч нянгууд ямар нэгэн шалтгаанаар идэвхижсэнээс болж хүмүүс бид өвчилдөг.
Тиймээс уг өвчинг эдгээхийн тулд өвчин үүсгэгч нянг устгах шаардлагатай болно гэсэн үг. Тухайн нянг устгах хамгийн сайн арга бол бактер буюу нянг нянгаар нь устгах юм. Америк эрдэмтэд шинэ нээлтийнхээ үр дүнг өнгөрөгч долоо хоногт Scientific Reports сэтгүүлд нийтэлж, өөрсдийн туршилтыг албан ёсных болгон баталгаажуулжээ.
Тэдгээр эрдэмтэд нярай хүүхдийн өтгөн ялгадаснаас гарган авсан пробиотик бактерийг ходоод, гэдэсний замын өвчтэй хүн болон хулгана дээр амжилттай туршиж, эмчилсэн байна. Шинжлэх ухааны элдэв сонин туршилтаараа дэлхий дахинд үргэлж манлайлж байдаг америк судлаачид хүүхдийн ялгадаснаас гарган авсан пробиотик бактериар ямар нэгэн эм, антибиотик биш, харин нэг төрлийн эмчилгээний коктейль үйлдвэрлэх бодолтой байгаа гэнэ.
Шинээр гарган авсан пробиотик бактерийн гол нууц нь хүний хоол боловсруулах замын системд үүссэн богино гинжин хэлхээ бүхий өөх тосыг устгадаг явдал. Чухам энэхүү богино гинжин хэлхээ бүхий өөх тос нь та биднийг ходоод, гэдэсний болон төрөл бүрийн өвчин, мөн таргалалт, чихрийн шижинд хүргэдэг аюултайг эрдэмтэд олон жилийн өмнө судлаад тогтоочихсон юм.
Хорт хавдартай хүмүүсийг судлаад үзэхэд тэдний дийлэнхийнх нь биед богино гинжин хэлхээ бүхий өөх тосны хүчил үүссэн байдаг аж. Тиймээс нярай хүүхдийн ялгадаснаас гарган авсан коктейль зөвхөн хоол боловсруулах замын өвчин төдийгүй хорт хавдраас хүртэл сэргийлэх ач тустай бүтээгдэхүүн болж байгаа юм.
Эх сурвалж: Healthline
1 comment
эрүүл хүний баас бол эмчлэх шинж чанартайг эртнээс мэддэг байсан ш дээ. америкчууд ухаантайдаа нээсэн юм биш.