У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад жил болоход сарын хугацаа үлджээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэж, 57.5 хувь нь дэмжсэн байдаг. Харин үүнээс хойш сарын дараа буюу аравдугаар сарын 4-нд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж байлаа.
Ингэснээр түүний тэргүүлсэн Засгийн газрын “галт тэрэг” хөдлөөд багагүй хугацаа өнгөрчээ. Ерөнхий сайд болсон даруйдаа чуулганы индэр дээрээс “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг, зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” хэмээж байсан.
Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд юу хийв гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Ардын” хэмээх тодотголтой Засгийн газар анхны хуралдаанаа өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж байв. Тухайлбал, стратегийн салбар болох “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааг худалдаж авах шийдвэрийг 20 жилийн дараа гаргаж, ажил хэрэг болгосон.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргаж, ажил хэрэг болгоод байна. Тухайлбал, Улаанбаатар Дарханы чиглэлийн автозамыг тавихаар болов. Халааптын бага оврын зуухыг буулгаж, дулааны төвлөрсөн системд холбож эхэлсэн. Таван жилийн хугацаатай “Чингис бонд”-ын өрийг хугацаанд нь, төсөвт хүндрэл учруулалгүйгээр төлөв. Шүүх эмнэлгийн шинжилгээний журамд өөрчлөлт оруулснаар насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүй болгов.
Автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цөөлжээ. Эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарахаар болов. Мөн газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн, Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байсныг 60 хувь болгож бууруулсныг онцлох хэрэгтэй.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг эхлүүлж, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон, багш эмч нарын цалинг 8-30 хувиар нэмсэн, ирэх оны нэгдүгээр сараас МСҮТ-д суралцагчдад дахин 70 мянган төгрөг олгох болсон, Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ, Монгол Улсын зээлжих зэрэглэл С ангиллаас В рүү шилжсэн, сургууль цэцэрлэгийн зориулалт бүхий хамгийн олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн үр дүнг нэрлэж болно. Эдгээр болон бусад томоохон ажлаас танилцуулж байна.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болсон асуудал бол Төв цэвэрлэх байгууламж. Тэд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж нийслэлчүүдэд амладаг ч бодит байдалд биеллээ олсон удаагүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ ажилд ханцуй шамлан орсныг онцлох нь зүйтэй. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийг засч, шинэчлэх ажлыг эхлүүлж лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг хангах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт байв.
Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яамнаас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд ажилдаа оржээ. Монгол эрдэмтний гаргаж авсан гумины бодисыг ашиглан, 3000 тонн орчим бордоог 111500 ам метр талбайд цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож, лагийн үнэрийг дарлаа. Лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж, илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5000 метр куб лагийг суллан, 600 шуудай бордоог үйлдвэрлэж савласан байна.
Францын “Артилло” компаниар хийлгэсэн ТЭЗҮ-ийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ Цэвэрлэх байгууламж барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд ашиглалтад авна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭВ
Багш нар цалингаа нэмүүлэх тэмцэл өрнүүлж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаа юм. Учир нь, Засгийн газраас ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу энэ оны улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор баталсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж энэ сараас хэрэгжүүлэхээр байгаа юм.
Ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалыг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12.3-30, соёл урлагийн салбарын ажилчдын ангилал, зэрэглэлийг төрийн үйлчилгээний бусад ажилчдын түвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөх шийдвэр гаргасан.
НИЙТ ХҮҮХДИЙН 80 ХУВЬД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ БАЙНА
Засгийн газраас УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн олон асуудлын нэг нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл байв. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа учраас урьд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан мөнгөн тэтгэмжийг 80 хувьд хүргэхээр ОУВС-тай тохирсны үндсэнд УИХ-аар хэлэлцүүлж батлуулав.
Ингэснээр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгож байгаа билээ. Ингэхдээ 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож нөхөн олгосон. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна.
Гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөдөг. Тэгвэл он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, тэд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.
Цаашид ч ийм байдал өсөх хандлагатай байгаа энэ үед ийм шийдвэр гаргасанд олон нийт талархалтай хандаж байна. Энэ нь хүүхдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.
ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ НЬ БУУРУУЛЛАА
Тэтгэврийг нэмэгдүүлж, зээлийг хүүг бууруулсан нь энэ Засгийн газрын онцлох ажил юм. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр өсчээ. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянга, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөгөөр тогтоосон.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгах зорилгоор тэтгэврийн зээлийн хүү 18 байсныг 12 болгосон юм.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг, 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын нэг, жилийн 12 хувь болгон тогтоож, ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч сар бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, хүүгийн дарамтаас гаргав. Таван хувийн хүүтэй байсан Оюутны хөгжлийн зээлийг 35-37 мянган оюутан, суралцагч хүүгүй авах боломжийг бүрдүүлэв.
Гол нь, зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой бөгөөд сургуулиа төгсөөд ажил, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Дундаж орлоготой иргэний амьдралд дарамт үзүүлэхгүй үүднээс тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр зохицуулжээ.
Мөн зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулж олгохоор болсон бөгөөд ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй. Засгийн газар оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилтдоо хүрсэн нь энэ юм.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчилж тогтоохдоо тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэдэд боломж олгосон. Өөрөөр хэлбэл, тэдний сард төлөх хэмжээ буурсан гэсэн үг. Ийм байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсөх, даатгалын сангийн чадавх нэмэгдэн, даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэв.
Үүнд гадаадын, харьяалалгүй, тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөг болгосон.
Харин ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь байхаар тогтоожээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянган төгрөг байх юм.
ТОМООХОН ХЭД ХЭДЭН ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Засгийн газар нэг жилийн хугацаанд томоохон хэд хэдэн хөтөлбөр баталсан. Тухайлбал, “21:100 ” Үйлдвэржилт хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн нэгэн хөтөлбөр бол “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд”.
Үүнийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилгоор баталжээ. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл нэмэгдсэн учраас ийм шийдэлд хүрчээ. Хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн эмнэлэг 2-16 насны хүүхдүүдэд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.
Мөн дөрвөн жилийн хугацаатай, хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 орчим ажлын байрыг тогтвортой хадгалах, 3600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг баталсан юм. Үүний үр дүнд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5.7 дахин өсөх бөгөөд жилд сүлжмэл, нэхмэл 19.8 сая ширхэг бүтээгдэхүүн экспортолж 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолжээ.
Энэ Засгийн газрын баталсан томоохон хөтөлбөр бол “Малын эрүүл мэнд” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу тэдний асуудлыг хариуцсан бие даасан агентлагийг байгуулав. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг” гэж үзэн Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болох “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан.
Ийн салбар бүрт тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэх үүднээс Засгийн газар хэд хэдэн томоохон хөтөлбөрийг баталж, олон нийт үр дүнг нь хүлээж байна. Мал эмнэлгийн Ерөнхий газрыг байгуулж, улмаар аймаг бүрт Мал эмнэлгийн газар сум, дүүрэгт тасаг байгуулан олон жил тасарсан ажлыг сэргээн эрчимжүүлээд байна. Товчхондоо, нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдсэн юм.
Түүнчлэн малчдын нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь аймаг, сумаас үржлийн бус бог мал экспортод гаргахыг зөвшөөрсөн явдал юм. Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчин, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Энэ оныг хариуцлагын жил болгож зарлан ажиллаж байгаа ч зарим байгууллага сахилга бат алдсан.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэг, мөн төрийн зарим байгууллага согтууруулах ундаа хадгалж байсан нь олныг анхаарлыг татаад байна. Гэхдээ тухайн асуудлын холбогдох эзэнд хариуцлага тооцож, төрийн байгууллага, албан хаагчдын сахилга батыг чангатгах хүрээнд багагүй ажлыг хийж гүйцэтгэж буйд олон нийт олзуурхаж байгаа юм.
Тодруулбал, төрийн албанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын үүрэг даалгаврын биелэлтийг ЗГХЭГ-аас шалгаж, төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн, 21 ширхэг шил сав, 11 ширхэг шатамхай бодис, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас согтууруулах ундааны төрлийн 36 ширхэг бүтээгдэхүүнийг илрүүлжээ.
Сүүлийн 10-аад жил төрийн албаны сахилга бат ихээхэн алдагдсантай холбоотойгоор Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжийг өөрчлөхөөс гадна дотоод журмыг шинэчилж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх үүднээс Төрийн ордны доторх сахилга батыг сайжруулах чиглэлд хатуу анхаарч буйгаа мэдэгдсэн.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
3 comments
Уг нь ч бас юм хийгээд л байгаа шүү. Даан ч сайн зүйлийг харж сайшаах мэлмий нь хаагдаа юу гэлтэй шүүмжлэх юм даа. 1990 оноос хойш ямар ч засгийн үед ажил дээрээ архиддаг нь бараг л хэвийн үзэгдэл болсон байсан. Одоо харин айхгүй ч аюгүй гэгчээр үнэхээр хүн бүр дор бүрнээ архи дарсны асуудал дээр хичээх болсон нь маш сайн ажил байлаа
Ер нь бол өөгүй хүн гэж үгүй, Хүрэлсүхийн үед жоохон ч гэсэн хариуцлага, төрийн зөв шийдвэрийн үнэр үнэртэж байгаа шүү. Хамгийн ойрхоноос нь буюу сүүлийн гурван ерөнхий сайдын үеийг л дурьдахад Эрдэнэбатын засгийн үед яав – баахан татвар нэмж ард түмнийг сөхрүүлэх шахсан, Сайханбалагийн үед яав- эх орны баялагийг цөлөмсөн Эрдэнэт, Оюу толгой гэх мэт, Алтанхуягийн засгийн үед яав-бонд гаргаж улс орныг өрөнд оруулж, авсан мөнгөөрөө гараа угааж баахан зам тавих нэрээр, хямд нүүрс зарах нэрээр, утаагүй зуух нэрээр идэж уусан шүү дээ
Хүрэлсүхийн ЗГ-ыг их муухай харагдуулж байгаа Сарангэрэл, Цогзолмаа, Даваасүрэн, Хүрэлбаатар, Нямдорж нарыг зайлуулчихвал болох гээд байна.