Монгол бол сэргээшийн талаар хамгийн асуудалтай орон. Гадныхны нүдэнд бид тийм л харагддаг юм билээ. Хоёр жилийн өмнө наадмын үеэр гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонирхоход тэгж хэлсэн юм. Нээрээ л наадам гэж баахан бужигнадаг, дараа нь шинээр төрсөн цолтнуудаас сэргээш илэрлээ гээд пижигнэдэг. Сэргээштэй нэр холбогдсон бөхчүүд бүгд ‘‘Эмчилгээ хийлгэсэн” болоод дуусдаг.
Зарим нь сэргээшийн асуудлаар шүүхэд хүртэл хандаж байв. Байтлаа бөхчүүдийн наадамд барилдах, эсэхийг шүүх шийдэх гажиг тогтолцоо руу бид явж байна. Уг нь энэ асуудлыг дотооддоо шийдэх “Допингийн эсрэг үндэсний төв” гэсэн байгууллага манайд бий. Сорьц авч лабораторид явуулаад шинжилгээний хариуг танилцуулахаар хүлээн зөвшөөрдөг хүн байхгүй, бүгд заргалдана. “Би сэргээш хэрэглээгүй”, “Ядраад байхаар нь витамин уусан” гээд чичрээд дайрчихна.
Хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийнэ. Өрсөлдөгчөө хардана. Цаашлаад “Допингийн эсрэг үндэсний төв” хэн нэгнээс авлига аваад намайг ингэж зарлалаа гээд л сүржигнэх. Яс юман дээр хувь хүний, тухайн тамирчны хариуцлага гэж бий. Юу идэж уух, ямар эм тариаг хэрэглэж болох, болохгүйг өөрөө мэддэг байх ёстой биш үү. Эмчээс асуух, зөвлөгөө авах эрхийг нь хэн ч хааж, боогоогүй байх. Мэдээж өвддөггүй, зовдоггүй хүн үгүй.
Эмчлүүллээ гэхэд ямар эм тариаг хэдий хугацаанд хэрхэн хэрэглэх вэ. Тэмцээн уралдаанд орохоос хэдэн сарын өмнө эм тариаг зогсоох вэ. Тухайн эмийн бодис хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар хугацаанд шимэгдэж дуусах, шинжилгээ өгөхөд илэрц байх, эсэхийг шинжлэх ухаа хөгжсөн өнөөгийн нөхцөлд бүх үзүүлэлтээр нь гаргаад ирчихсэн байгаа. Гэтэл манай тамирчдын энэ талын мэдлэг дутмаг юм биш үү.
Манай тамирчдын биеэ авч яваа байдал, хувийн соёл, ухамсар, ёс зүйг нэг харчих. Швейцар улсад болсон Буудлагын спортын армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн хурдан буудлагын багийн төрөлд оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртсэн ч хүзүүндээ наалт нааснаас болж медалиа хураалгалаа.
Өвдсөн хэсэгтээ жижиг наалт наасан учраас түүний ДАШТ-д оролцтол оноог нь тэглэсэн байна. Энэ талаар түүний нөхөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчилэн хохирсоор байх уу.
Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм” хэмээн цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин ч тамирчид хэзээ хэн юу гэх нь вэ, хаана тэмцээн уралдаан товлогдох бол гэж хүлээн булчингаа хөгжүүлж суух биш. Өөрсдөө тархиа ажиллуулж, жаахан юм уншдаг, дүрмээ судалдаг байвал яасан юм бэ.
Олимп, дэлхийн олон тэмцээнд оролцсон туршлагаараа манайдаа төдийгүй дэлхийд эрэмбээ тогтоож, бөхөөр бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг хий нь арилсан хэзээний мэргэн буудагч О.Гүндэгмаа ийм жижигхэн зүйл дээр өөрийн хайнга байдлаас болж алдаа гаргаж байхад бусад нь яах болж байна. Дэвжээнд гарахад юу болох, болохгүйг тэр мэдэж л байгаа шүү дээ. Олон улсын шүүлт дүрмийн дагуу чанд явагддаг, өрсөлдөгчдийн зүгээс ч хяналтаа хатуу тавьдаг. Манайхан шиг найзан дундаа явдаг юм тэнд нэг ч байхгүй.
Саяхан “Жакарта-2018” Азийн наадамд оролцсон чөлөөт бөхийн ОУХМ, Дэлхийн аварга П.Орхоны допингийн шинжилгээний хариу эерэг гарсан тул Азийн олимпын зөвлөлөөс түүний амжилтыг хүчингүй болгож, аваргын алтан медалийг хураасан талаар мэдэгдэл хийж, Монголын үндэсний олимпын хороонд албан бичиг ирүүлээд байна. Түүнээс илэрсэн сэргээшийн төрлийн бодис нь хориглосон жагсаалтад багтсан “Станазолол” гэдгийг ч хэвлэлүүд мэдээлсэн.
Хэрэв тухайн тамирчин “Станазолол” хэрэглэснийг нь нэгэнт тогтоосон бол тэмцээн, уралдаанд оролцох эрхийг бүх насаар нь хорьдог дүрэм олон улсад үйлчилдэг. П.Орхоны хувьд “Би сэргээш огт хэрэглээгүй. Надад баримт бий. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хандана” гэсэн байр суурьтай байгааг зарим эх сурвалж хэлж байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын үндэсний бөхийн холбоотой адилгүй л болов уу.
Нэгэнт мэргэжлийн байгууллага нь шинжилгээ авч нягтлаад гаргаж байхад монголчууд шиг “Манай бөх тэгээгүй” гэж үгүйсгэх боломж тэдэнд хараахан үгүй юм. Харин Монголд Монголын үндэсний бөхийн холбоо нь хэвлэлийн хурал зарлаад мэргэжлийн байгууллага болох “Допингийн эсрэг үндэсний төв”-өө буруутгаж, бараг л авлига авах гээд ийм шийдвэр гаргасан гэхчлэн чичлээд сууж байдаг. Үүний оронд бөхийн төрөлжсөн холбоод, ер нь спортын салбар нэгжүүд, багш, дасгалжуулагчид тамирчдынхаа тархийг хөгжүүлэхэд анхаарвал яасан юм бэ.
Тамирчид нь ч гэсэн толгойгоо ажиллуулж, журам, дүрмээ судлахын зэрэгцээ ямар эм, тариа хэрэглэж болох, болохгүйг мэддэг болчихоод тэмцээн, уралдаандаа оролцоосой. Дээр нь Монголд янз бүрийн допинг, сэргээш (performance enhancing drugs), стеройд гэх мэт эм бэлдмэлийн хэрэглээ худалдааг зохицуулах эрхзүйн болон хяналтын тогтолцоо бүрэлдэж бий болоогүй. Энэ талаарх олон нийтийн ойлголт ч дутмаг.
Ихэвчлэн ам дамжсан яриа, үнэн худал нь тогтоогдоогүй “хаус” маягийн мэдээлэл төдийхнөөр хязгаарлагддаг. Үүнийг дагаад энэ төрлийн бодисын далд бус бизнес газар авчээ. Ямар хор хөнөөлтэй болохыг мэдэхгүй атлаа өөрийн бие дээр турших явдал ч бидний заримд бас байна. Тамирчдын тухайд тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгаж байгаа тэднийг монголчууд хүндэлдэг, амжилтаар нь бахархдаг.
Төр, засгаас ч хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж хэдэн саяар тоолох мөнгөөр сар бүр урамшуулдаг. Гэтэл тэрийг нь дагуулж “тонгороод” яаж ийж байгаад олимп, дэлхийн тэмцээнд оролцож, ямар нэг аргаар медаль авчих гэсэн буруу эрмэлзэл заримд нь төрөх болсон юм биш биз. Өөрсдийн хайнга, мэдлэггүйгээс болж алдаа гаргах нь ч бас байна. Гэхдээ Монголын тамирчид Токиогийн олимп хүртэлх богинохон хугацаанд булчингийнхаа хөгжлөөр хэнээс ч дутахгүй гэдгээ харуулж чадсан. Одоо тархиа хөгжүүлж уралдъя.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Зотол