Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий худалдаа эдийн засгийн бизнес уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 4,5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтыг МҮХАҮТ, БНКаУ-ын Үндэсний танхим “Атамекен”, Казахстаны Гадаад худалдааны танхим, тус улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам болон Монгол Улс дахь БНКаУ-ын ЭСЯ-д хамтран зохион байгуулах юм. Мөн тус улсын бизнесийн 10 гаруй аж ахуйн нэгж, компаниуд ирэхээр төлөвлөөд байна. Монгол Улс Казахстанаас ихэвчлэн газар тариалан, автомашин, тоног төхөөрөмж худалдан авч байгаа бөгөөд 2017 онд хоёр улс 29 сая ам.долларын худалдаа хийсэн байдаг.
Мөн тус улсын 34 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ба 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2017 оны эцсийн байдлаар 36.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсжээ.
Үүнээс Монголын экспорт 2.4 сая ам.доллар, Казахстанаас хийсэн импорт 34.2 сая ам.долларын дүнтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт гурав дахин, импорт 16.6 хувиар өссөн дүнтэй байгааг талууд хангалттай биш хэмээн худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бий гэдэгт санал нэгддэг.
Эх сурвалж: МҮХАҮТ