Бэлгийн дарамт учруулсан гэх олон удаагийн хэрэгт буруутгагдаж буй CBS теле радио корпорацийн захирал Лесли Мунвс албан тушаалаа орхихоор боллоо. Тэрбээр энэхүү корпорацийн дарга, ерөнхийлөгч, захирал гэсэн албан тушаалуудыг хашдаг байжээ.
Үүний сацуу Мунвс болон CBS корпораци бэлгийн дарамтын эсрэг “MeToo” хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудад 20 сая ам.долларын хандив өргөхөөр болсон юм. Өмнө нь “New Yorker” хэвлэл Мунвсыг зургаан эмэгтэйд бэлгийн дарамт учруулж хамтран ажилладаг олон эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсанд буруутгасан.
Мунвс бэлгийн дарамт үзүүлж, татгалзсан тохиолдолд биед нь халдах, ажлаас нь хална хэмээн сүрдүүлж байсан талаар эдгээр бүсгүйчүүд ярьжээ. Тэдний хэлснээр ийм тохиолдлууд 1980-2000 хооронд болсон байна. Үүний дараах нь тус хэвлэлд дахин зургаан эмэгтэйн зүгээс Мунвсын хэргийг илчилсэн нийтлэл гарчээ.
Одоогийн байдлаар, Мунвсыг ийнхүү 12 эмэгтэй буруутгаад байгаа юм. Энэ хэрэг явдлын тухай анхны нийтлэл гарсан даруйд CBS корпорацийн удирдах зөвлөл хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд Мунвс өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж эдгээр бүсгүйчүүдийн гуравтай нь л гэхдээ харилцан тохиролцсоны үндсэн дээр дотно харилцаанд орсноо хүлээн зөвшөөрчээ гэж ВВС агентлаг мэдээлэв.