Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг есдүгээр сарын 11-21 буюу маргаашнаас эхлэн 10 хоног хаах юм. Баянзүрхийн товчоо орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн.
Авто замын түгжрэл, зам гүүрийн засвар бүтээн байгуулалттай холбоотой хаагдсан замын ажлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл оролцов.
Яармагийн гүүрний хувьд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гүүрний замыг есдүгээр сарын 15-наас хэсэгчлэн хаах юм. Өөрөөр хэлбэл, гүүрний урд хэсгийг хаах үеэр хойд хэсгээр нь хөдөлгөөнийг нэвтрүүлэх бол хойд хэсгийн засварыг хийх үеэр урд хэсгээр зорчуулах нь. Тиймээс энэ хэсгийн замд түгжрэл үүсэх магадлал өндөртэй тул нисэх онгоцны буудал явах иргэд 1-2 цагийн өмнө гарахыг зөвлөж байна.