Өчигдөр буюу Лхагва гарагт Олон Улсын Сансрын Станц (ОУСС)-ын битүүмжлэл алдагдаж, агаарын даралт нь буурч эхэлсэн тухай NASA мэдээлжээ. Станцад байгаа сансрын нисэгчид агаар алдагдаж байсан 2 мм хэмжээтэй цоорхойг тус станцад залгагдсан Оросын Союз хөлгөөс илрүүлж нөхсөн байна. Одоогоор ОУСС-д зургаан сансрын нисэгч ажиллаж байгаа бөгөөд тэдний амь насанд ямар нэг аюул учраагүй, дотоод агаарын даралт эргээд хэвийн болсныг  мэдээлсэн байна.

Цоорхой үүссэн шалтгааныг сансрын хог хаягдалтай станц мөргөлдсөнөөс үүдэлтэй гэж дүгнээд байна. АНУ-ын засгийн газрын тооцоолсноор одоо хүний гараар бүтсэн, бэйсболын бөмбөгнөөс том хэмжээтэй 23,000 орчим хаягдал дэлхийн тойрог замд эргэлдэж байгаа гэдэг. Сансрын хөлөг, хиймэл дагуулуудын хэлтэрхийнүүд болох эдгээр хаягдал цагт 28,000 км хурдтай нисэж байдаг ба энэ нь бууны сумнаас бараг 10 дахин хурдан гэсэн үг юм.

Саяхан Хятадын удирдлагагүй болсон Тянгон-1 сансрын хөлөг бүхлээрээ сансрын хог хаягдалд тооцогдож байсан. Азаар энэ хөлөг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн агаар мандалд орж ирээд шатаж устсан юм. Үүнээс гадна өчүүхэн жижиг хэмжээтэй сая сая хэлтэрхийнүүд дэлхийг тойрон эргэсээр байгаа. Тэдгээрийг тойрог замаас цэвэрлэх, хэрхэн хиймэл дагуултай мөргөлдүүлэхгүй байх асуудал хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа юм.

Эх сурвалж: Tech Insider

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн