Улс үндэстний оршин тогтнох үндэс, сэтгэлгээний баталгаа болсон эх хэлний яруу тансгийг олон нийтэд ойлгуулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эх хэлний өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтаж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд лекц уншиж, эх хэлээ хэрхэн хамгаалж өвлүүлэх тухай асуудлаар санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилсанаа хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх хэлний өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан монгол хэлний дархлаа, үнэ цэн гэж чухам юуг хэлээд байгаа талаар ярилцах гэсэн юм. Юуны түрүүнд танаас монгол хэл дэлхийн бусад хэлний дотор ямар байр суурь эзэлдгийг асууя?
-Аливаа үндэстний дархлааг хадгалдаг гол хүчин зүйл нь хэл соёл юм. Үндэстний хэл мөхнө гэдэг нь соёл, сэтгэлгээ, түүх мөхнө гэсэн үг. Тиймээс үндэстний хэл соёл чухал. Тухайн үндэстний хэл хэр урт настайг тодорхойлдог хэд хэдэн хүчин зүйл бий. Хүн төрөлхтөн өнөөдөр 3000 бие даасан хэл хэрэглэж байна.
Монгол хэл нь тэдгээрийн нэг эд эс юм. Өнөөдрийн байдлаар 10 сая гаруй монгол угсаатны зургаан сая орчим нь монгол хэлээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, монгол угсаатны тоо, эх хэлээ хэрэглэж байгаа хүний тоо зөрүүтэй байгаа юм. Энэ зөрүү нэмэгдэх тусам тухайн үндэстний мөхөл ойрхон байна гэж ойлгох хэрэгтэй. XX зууны эхэнд дэлхийд 6000 орчим хэл байсан бол XXI зууны эхэнд энэ тоо хоёр дахин багассан мэдээ байна. 2100 онд 2500 орчим бие даасан хэл үлдэнэ гэсэн судалгаа ч гарсан.
-Мөхөх аюулд орсон хэлний тоонд монгол хэл ороогүй биз дээ?
-Ороогүй. Үүнийг батлах хэд хэдэн баталгаа байна. Миний дурдах дараах хүчин зүйлүүд аливаа хэлний оршин тогтнох дархлаа болдог. Хэлний дархлааг хадгапдаг гол хүчин зүйл нь хэрэглэгчийн тоо юм. Тухайн хэлээр ярьж байгаа хүн олон байвал хэл мөхөх аюулаас хол байна. Үүний тулд монгол хэлээр ярьдаг хүн олон байх хэрэгтэй. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг Салж болшгүй орон” гэж хэлсэн байдаг.
Өнөөдөр төр засгаас монгол хэлний дархлааг хадгалах, монгол хэлтний тоог өсгөх талаар ихээхэн анхаарч байна. Энэ зөвхөн төр засгийн шийдвэрлэх асуудал биш. Монгол хүн бүр эх хэлээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Үүний хажуугаар харамсалтай зүйлс ч бий. Харьд гарсан монголчууд эх хэлээ мартах аюулд орлоо. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үр хүүхдэдээ эх хэлээ зааж, сургах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хэлний дархлааг хадгалдаг хоёр дахь хүчин зүйл нь тухайн хэл бичгийн хэлээр баталгаажсан байх ёстой.
Монгол хэл нь бичгийн хэлээр баталгаажсан учраас мөхөх аюулаас хол. Монголчууд дорно дахины номт гурван улсын нэг. Бид нийгэм, түүхийн олон зүйлээс шалтгаалан өнгөрсөн үед олон бичиг үсэг хэрэглэсэн. Тэр дундаас монголчуудын хамгийн удаан хугацаанд хэрэглэсэн бичиг нь монгол бичиг юм. Мөн харьцангуй цөөхөн жил хэрэглэж байгаа боловч монголчуудын оюуны соёлд бодитой хувь нэмэр оруулж байгаа бичиг бол кирилл монгол бичиг. Ийм хоёр бичгийн хэлээр баталгаажсан хэл мөхөх аюулаас хол байна.
-Дээр дурдсанаас гадна өөр ямар хүчин зүйл хэлний дархлаанд нөлөөлдөг вэ?
-Монгол хэл маш олон аялгууны өнгө төрхтэй. Ойрад, буриад, халх, өвөр гэсэн дөрвөн том аялгуу дотроо олон аман аялгуутай. Тиймээс монгол хэл олон хэл аялгуутай учир мөхөх аюулаас хол байдаг. Энэ олон аялгууг унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах ёстой. Энэ нь хэлний дархлааг хамгаалж буй нэг хүчин зүйл юм. Түүнчлэн аливаа хэл цэвэр ариун байх ёстой. Харь хэлний нөлөөнд орохгүй байх хэрэгтэй.
Хүмүүс монгол хэлэнд харь хэлний шинж их байна гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш. Тодорхой хэмжээнд монгол хэлний үгийн санд харь хэлний нөлөө орсныг үгүйсгэхгүй. Залуучууд бусдаас ялгарах гэж харь үгийг чамирхан хэрэглэж байгаа нь хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй. Тэглээ гээд гадаад хэл сурах нь буруу биш. Хамгийн гол нь харь хэлний үгийг зөв авах, дүйцэх монгол үгээр оноож хэрэглэж сурах хэрэгтэй. Бүр болохгүй бол монголжуулж ч болно шүү дээ. Жишээлбэл, орос хэлний джүр гэдэг үгийг бид монголчлоод жижүүр болгосон.
Хятад хэлнээс орж ирсэн хоол хүнсний олон нэр байна. Бид эдгээр үгийг хятад хүн танихгүй болтол нь монголжуулж чадсан. Мөн олон улсын чанартай нэр томьёог шууд авч болдог. Эх хэлээ харь хэлний нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Ялангуяа орчуулгын модон хэл хэлний дархлаанд муу нөлөө үзүүлдгийг анхаарах ёстой юм.
-Номтой нөхөрлөдөг тэр дундаа уран зохиолын ном уншдаг хүн цөөрсөн нь хэлний дархлаанд муугаар нөлөөлдөг үү?
-Хүмүүс уран зохиолын яруу тансаг найруулгад суралцах хэрэгтэй. Тиймээс залуу наснаасаа үндэсний болон сонгодог уран зохиолыг унших нь чухал. Ардын аман зохиол, хэлцийн арвин санг ашиглаж дадах хэрэгтэй. Мэдээлэл технологийн давалгаанд компьютер, гар утаснаас өөр зүйлийг анхаарахаа больж байна.
Үүнээс болоод хүний сэтгэлгээ мууддаг. Тиймээс бага наснаас нь эхлээд эх хэлээрээ ярих, сонсох, унших, бичих чадвар дадал олгоход ихээхэн анхаарах хэрэгтэй. Мөн уран зохиолын хичээлийн чанар, үр өгөөжийг улам сайжруулахад боловсролын байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай юм. Уран зохиолын тухай биш уран зохиолын яруу тансаг хэл найруулга, дотоод гүн утга агуулгыг нь сэтгэл зүрхэнд нь хүртэл заавал үр дүн гарна.
-Монгол хэлэнд харь хэлний нөлөө тусч байгаа талаар хийсэн судалгаа бий юү?
-Дэлхийн бүх хэлэнд байдаг элемент монгол хэлний бүтцэд бий. Өөрөөр хэлбэл, монгол хэл өөрийгөө хамгаалах чадамжтай хэл. Тиймээс монгол хэлийг мөхөх аюулаас хол хэл гэж би өөдрөгөөр боддог. Гэхдээ монгол хэлний буруу зөрүү хэрэглээг хаацайлж байгаа хэрэг биш. Наад зах нь Монгол Улс хэлний бодлоготой юм бол бүх хаяг, сурталчилгааг монгол, кирилл бичгээр жигдрүүлэх шаардлагатай.
Олон түмэнд мэдээ мэдээлэл түгээдэг сонин хэвлэлийн найруулгыг чанаржуулах хэрэгтэй байна.Бас нэг анхаарах зүйл нь монгол хүний сэтгэлгээнд харийн хэл сэтгэлгээний нөлөө мэдэгдэхүйц орж байна. Жишээлбэл, “Урт насалж удаан жаргаарай” гэдэг байсан бол өнөөдөр “Урт насалж удаан жаргахыг хүсмээр байна” гэдэг болж. Эдгээр нь харь хэл сэтгэлгээний нөлөөтэй холбоотой.
Түүнчлэн үйл үгийн хэрэглээ маш их явцуурч байна. Үйл үгийг бага хэрэглэх нь хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, “лт” дагаврыг их хэрэглэж байгаагаас шалтгаалж “суулт өгөх, хоол идэлт сайн болж байна, төрөлт дөхөж байна” гэж ярих боллоо. Энэ бол харь сэтгэлгээний гажиг юм. Мөн утга зохиолын хэлний хэм хэмжээг их зөрчдөг болсон. Бид нар, хүмүүс, охидууд гэж олон тооны нөхцөлийг давхар хэрэглэж байна. Энэ бүхнийг анхаарч зөв бичиж, ярьж сурах нь чухал.
-Та Эх хэлний өдрийг угтан багш, сурган хүмүүжүүлэгчдэд “Монгол хэлний үнэ цэн”гэсэн сэдвээр лекц уншсан. Ер нь хэлний үнэ цэнийг нзугаар хэмжиж, тодорхойлдог вэ?
-Хэлний үнэ цэнийг хэрэглэгч тодорхойлно. Монгол хэл баялаг. Энэ нь ямар үнэлэмжтэйг нь илэрхийлж байгаа юм. Тэр баялаг чанарыг хадгалж байгаа бол тухайн хэл үнэ цэнтэй байна гэсэн үг. Хэлний үнэ цэнийг үгийн уран дархад илүү оновчтой тодорхойлдог. Тухайлбал, Б.Ринчен гуайн “Монгол хэл” шүлэг монгол хэлний үнэлэмж, үнэ цэнийг маш оновчтой тодорхойлсон.
Гэхдээ монгол хэлний үнэ цэнийг тодорхойлохдоо бусад хэлтэй харьцуулж болохгүйг анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл дэлхийн бүх хэл баялаг, тансаг яруу найруулгатай байдаг.
-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, бичгийн хичээл заадаг ч сурагчдын мэдлэг чадвар дутуу дулимаг байна. Үүнийг та юутай холбон тайлбарлах вэ?
-Би ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг бичдэг. Монгол хэлний сургалтын чанар, үр дүн миний ажил үйлстэй ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддог. Дээр нь монгол хэлний багш бэлтгэдэг сургуульд 50 шахам жил ажиллаж байна. Тиймээс та надаас энэ асуултыг асуусан гэж бодож байна. Монгол хэлний сургалтын чанарыг үнэлэхдээ дандаа сөрөг талаас нь харж болохгүй. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдийг эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн байх ёстой гэж дүгнэж болохгүй. Хэлний боловсролд хүн насан туршдаа суралцдаг
. Ерөнхий боловсролын чанар сайн, муу байгааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсронгуй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, багш нарын заах ур чадварын төвшинтэй холбоотой. Түүнчлэн бид хүүхдийнхээ эх хэлний боловсролыг зөв үнэлж чадаж байна уу гэдэгтэй холбон тайлбарлана. Үүгээрээ юу гэж хэлэх вэ гэхээр эх хэлний сургалтын үр өгөөжид сайн ч, муу нь ч байгаа. Дээр нь сургалтын агуулга төлөвлөгөөг олон удаа өөрчилдөг.
Энэ нь эцсийн үр дүнг шалгахад амаргүй байдал үүсгэдэг. Тиймээс бүх нийтийн эх хэлний боловсролыг сайжруулах үүднээс 2014 оноос бүх төгсөгчдөөс монгол хэл, бичгийн ерөнхий шалгалт авдаг болсон. Харамсалтай нь, монгол хэлний шалгалт авч байгаа ч үр дүнг нь хайхрахгүй байна. Тиймээс бүх нийтээс авдаг шалгалтыг чанаржуулж, босго оноотой болгох шаардлагатай.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн талаарх санал гомдол их. Та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг сурах бичгийг тогтвортой хэрэглэхгүй байна. Би 1986 оноос хойш сурах бичиг бичиж байна. Миний бичсэн сурах бичиг хоёр жил болоод л архивт ордог. Хамгийн гол нь өмнө нь байсан сурах бичгийг сайжруулахын оронд шинэ сурах бичиг бичүүлдэг дутагдалтай тал байна. Хөтөлбөрийн агуулга, сурах бичгийг байнга өөрчилдөг явдал эх хэлний боловсролын чанарт сөрөг нөлөөтэй гэж би боддог. Ойр ойрхон хугацаанд сольж өөрчлөх нь боловсролын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөтэй.
-Таны бичсэн сурах бичгийг архивлахдаа ямар тайлбар хэлж байна.Яагаад ойр ойрхон солих шаардлага гараад байна вэ?
-Мэдэхгүй юм. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байх. Сурах бичиг бичиж байгаа хүмүүст ажлын хөлс гавьтай өгдөггүй мөртлөө олон мянгаар нь хэвлэж худалдаж мөнгө олдог байгууллага, хүмүүс ч байдаг бололтой.
-Хэл бичгийн эрдэмтэн багш нар монгол хэлний журамласан толийг эмхэтгэлээ. Одоо зөв бичих дүрмийн талд маргах асуудал үүсэхгүй гэж бодож байна?
-Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрмийг өөрчлөхгүйгээр 1983 оны монгол хэлний толь бичигт тулгуурлан зөв бичих дүрмийн журамласан толь боловсруулж, эрх зүйн хувьд баталгаажуулсан. Тодруулбал, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн 20 гаруй эрдэмтэн багш оролцсон баг уг ажлыг гүйцэтгэсэн. Тэгэхээр одоо “Энэ үгийг яаж бичих вэ” гэсэн маргаан гарахааргүй болсон гэж ойлгож болно. Энэ нь эх хэлний нэр хүнд, сургалтын чанарт эерэг нөлөө үзүүлнэ гэж бид харж байна.
-Журамласан толийг хэрэглээнд гаргахын тулд хэрхэн ажиллаж байгаа бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол болон бага ангийн багш нарт энэ толь бичгийг хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч өгч байгаа. Түүнчлэн төрийн бүх байгууллагад хүргүүлснээс гадна журамласан толийг хэрэглэх хүн цахим хэлбэрээр ашиглах боломжтой. Тиймээс би энэ толийг бүх нийтэд хүрсэн гэж бодож байгаа. Эх хэлний бичгийн хэрэглээнд энэ толийг нэг мөр баримтлахыг зөвлөж байна.
-Эх хэлний өдрийг угтаж та багш, сурган хүмүүжүүлэгчдэд лекц уншсан. Ер нь цаашид энэ өдрийг хэрхэн тэмдэглэж, ямар ажил зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Зохиолч, яруу найрагч зэрэг үгийн урлагийн эрхмүүдтэй уулзалт, ярилцлага хийж эх хэлний баялаг, ярууг тансаг чанарыг ойлгуулж мэдрүүлэх ажил хийх хэрэгтэй. Хүнд өгөөжтэй ажил хийх нь чухал. Мөн монгол хэл, уран зохиолын багш нар ч сургууль болон олон нийтэд зориулсан үр өгөөжтэй ажил олныг хийж болно. Монгол хэл, соёлоо сурталчлах ажил өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой. Биднээр лекц уншуулж ч болно шүү дээ. Нийт албан байгууллага, хувь хүмүүс эх хэлний зөв хэрэглээтэй холбогдох бодит ажил, зохион байгуулахыг санал болгож байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин