Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр монголчуудын амьдралын түвшин, чанар ямар байгаа нь илүү тодорхой болох биз ээ. 60 гаруй сая малтай, байгалийн асар их баялчагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. “Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ” гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлахаар “Амьдрал сайн уу” цувралаа эхлүүлсэн билээ. Энэ цувралаараа бид амьдралын гүнд орж, иргэд хэрхэн аж төрж байгааг харуулах, ядуурлын шалтгаан, нөхцөлийг тодруулах зорилго тээсэн юм.
Усан бороо шаагьсан уйланхай намрын нэгэн өглөө 07.00 цагт Дэнжийн 1000 дахь “Хүчит шонхор” захад хүрч очлоо. Монголчуудын гол хүнс мах, махан бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийг хангадаг гол цэг үүр цүүрээр хөдөлгөөнд орж, амьдрал буцалж эхэлдэг тул ийн эртэлсэн хэрэг. Амралтын өдөр, усан бороо шаагьсан намрын жихүүн өглөө нийслэлчүүдийн олонх нь дулаан хөнжлөөсөө сугараагүй байх нь махны захынханд огтхон ч хамаагүй. Биднийг очиход тэндхийн ажил аль хэдийнэ эхэлж, жигдэрсэн байлаа.
Тарган, туранхай, идэхийн аргагүй үс хялгастай нь хольсон, овоо цэвэрхэн төхөөрсөн гээд янз янзын өнгө төрхтэй хонь, ямааны гулууз, үхэр, адууны мах ачсан бүхээгтэй машинууд эгнэн зогсож, жижиглэн худалдаачид, хямд мах олж идэх гэсэн нийслэлчүүд үнэ хаялцан шуугилдана. Хааяахан “Хүчит шонхор”-оор ороход ийм л дүр зураг угтаж, үддэг тул сонирхол татах зүйл байсангүй. Цааш явсаар хашааны гадна гарахад тэнд амьдрал ид буцалж байлаа.
Худалдааны төвийн үүдэн дэх автобусны буудал дээр сахал үсэндээ баригдаж, хир даг болсон хувцсархуу юм хэдэрсэн, нүүр ам нь пэмбийн хавдаж, харлаж, хөхөрсөн эр, эм хэдэн хүн бөөгнөрөн сууж, юуг ч юм бэ чанга чангаар ярилцана. Бодвол энэ хавьд “тасарч” хоноод, өнөөдөр хэрхэхээ хэлэлцэж буй биз. Цаахна нь тэднээс жаахан дөнгүүр өнгө зүстэй боловч бас л хөлчүү байгаа нь илт эмэгтэй зам хөндлөн гараад цааш гуйван алхаж буй хөл нүцгэн, нимгэн даавуун богино өмдтэй хэрнээ дээгүүрээ хөвөнтэй хүрэм угласан хижээл эрийн араас занган, бүсгүй хүний амнаас гарамгүй хараал урсгах нь сонсогдоно. Махны худалдаачдаас гадна энэ захыг бараадан амь зуудаг цөөнгүй хүн байдгийн нэгээхэн хэсэг нь тэд. “Энгийн” хүмүүсийн хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй өглөө эртийн цагаар тэдэнд ойртож, үг сольж түвдсэнгүй.
Өөр уулзаад ярилцчихаж болмоор хүмүүс хайж цааш хараачилбал тэндээс холгүйхэн төв зам дагуу хашаа налан сууж буй хүйтэн бороонд норж бээрсэн болжмор шиг хоёр хөгшин нүдэнд туслаа. Урдаа тавьсан зүйлээ бороонд норохоос хамгаалж гялгар цаасаар бүтээснийг бодоход үүргийн худалдаачин бололтой. Тэдэнтэй уулзахаар шийдэв.
Яриа өдөх санаатай “Ямар эрт гарч ирээ вэ” гэхэд эмээ “Би энд суух зөвшөөрөлтэй, татвараа ч төлсөн” хэмээн гялгар цаасан доогуураа шургаж оров. Учрыг нь ололгүй гайхасхийж байтал эмээ гялгар цаасан доороо хэсэг бөндөгнөөд, скочдож, хавтаслан үдэж, чадлаараа арчилсан ч олон хүний гарт үнгэгдэн, тасарч унах шахсан хоёр цаас барьсаар өндийж ирэв. Намайг өөрийг нь хөөхөөр ирсэн гэж ойлгожээ.
Хянаж шалгадаг, хөөж туудаг хүн биш гэдгээ тайлбарлаж хэрэг зоригоо хэлэхэд сая тайвширч, “Хөөх нь л гэж бодлоо. Гэхдээ эгч нь жинхэнэ номоороо явж байгаа болохоор нэг их хөөгдөж зовоод байдаггүй юм. Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 1999 оноос хойш найман нэрийн дэлгүүр ажиллуулж байгаад гурван жилийн өмнө гал түймэрт хамаг юмаа алдчихсан. Дэнжийн 1000-ын Эрүүлжүүлэх байрны (Албадан саатуулах, баривчлах төв) өөдөөс харсан дэлгүүр шатчихсан байгаа биз. Тэр “Буян арвижих” компанийн захирал нь би шүү дээ. Дэлгүүр шатсаны дараа Улаанбаатар хотын Захирагчийн албанд хандаж, “Амьдрах эх үүсвэргүй боллоо.
Өөрөө тахир татуу гартай, сохор өвгөнтэй би яах юм бэ” гэж уйлж, дуулж байж “Бараан захын ойролцоо юм зарахад бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн тамга, гарын үсэгтэй бичиг авсан. Татвараа цаг тухайд нь төлдөг. Биднээс сарын 10 мянган төгрөгийн татвар авдаг юм. Би аравдугаар сар дуустал энд сууна гээд татвараа бөөнд нь өгчихсөн. Цагдаа ирэхээр энэ хоёроо үзүүлчихээр эмээг нь хөөдөггүй юм” гэв.
Тэд хавар урь орохоос намар хүйт эхэлтэл энд суудаг бөгөөд өглөө 06.00 цагт ирж, орой зах тарж, хөл хөдөлгөөн татарсан хойно явдаг гэнэ. Өглөө яагаад ийм эрт гарч ирдгийг нь лавлахад эмээ “Махны ченжүүд өглөө эрт ирдэг. Тэд ирэнгүүтээ овоо орлого оруулдаг юм. Бусад хүмүүс ирэхээс урьтаж л хэдэн төгрөг олохгүй бол болохгүй. 06.00-20.00 цаг хүртэл суухад 50-60 мянган төгрөгийн орлого олдог. Үүний багахан хувь нь ашиг. Бараа авсан мөнгө, хоёр хүний хоол, цайны өртгөө хасахаар цаана нь ашиг үлдэхгүй шахам. Гэхдээ өдрийн хоолоо үүгээр залгуулаад байгаа нь бид хоёрт их юм” гэв.
Өвөөгийн чих хатуу юм уу, эсвэл эмгэн л ярих ёстой гэдэгтэй бүрэн эвлэрчихсэн үү, юу ч сонсоогүй мэт царай гарган, нүдээ хагас анин үүрэглэж суух аж. “Та хоёр өдөржин хамт суудаг уу” гэхэд аманцар эмээ “Энэ маань надад бараанд явж өгдөг юм. Орой бараагаа үүрч явна” гэлээ. Бараа гэдэг нь хэдэн хайрцаг тамхи, 4-5 нэр төрлийн бохь, ширхгийн чихэр, найруулдаг кофе төдийхөн. Эмгэндээ хань бараа болж, гар хөлийн үзүүрт нь “зарагдан”, тасралтгүй хөврөх хүмүүсийн урсгалыг харж суух нь өдөржин гэртээ ганцаараа гиюүрч, уйдаж хэвтсэнээс дээр байдаг болохоор өвгөн ийнхүү төвөгшөөхгүй суугаа биз ээ.
Эмээг Ж.Долгор, өвөөг Д.Шагдарсүрэн гэдэг аж. Тэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд харьяалалтай бөгөөд насаараа хурааж хуримтлуулснаа бүгдийг нь шавхан байж найман нэрийн дэлгүүртэй болсон ч түүнээ үнс нурам болгон хийсгэснээр өөрийн гэх юу ч үгүй үлджээ. Тэднийх дэлгүүрийнхээ ард амьдардаг, бүх зүйл нь дэлгүүртээ төвлөрдөг байсан аж. Өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй үлдэн, орон гэргүйчүүдийн эгнээнд шилжсэн тэд хөөцөлдөж байж 100 айл дахь ахмадын байранд амьдрах болсон гэнэ.
Ж.Долгор эмээ “Миний баруун гар тахир, өвгөний өрөөсөн нүд сохор. Түүнийгээ урдаа барин хөөцөлдөж байж 100 айлын ахмадын байранд орсон. Энэ байр бидний өмч биш, үхэхээр хурааж авдаг, дамжлагын байр шүү дээ. Би гэрээ хийж орсон болохоор намайг үхвэл өвгөнийг минь хөөгөөд гаргачих байх. Би л дулаан байранд жаргалтай байж байгаад үхэх юм билээ. Гэвч үхтэлээ тэнд байж тэсэх нь үү, үгүй юү.
Зөвхөн цахилгааны төлбөр л гэхэд сардаа 150-160 мянган төгрөг хүрээд байх юм. Бид хоёр үүрээр гэрээс гарч, өдөржин энд суугаад, үдэш очиж, хоёр аяга шөл буцалгаж уувал ууна, үгүй бол зурагт ч үзэхгүй унтаад өгдөг. Тийм байтал цахилгааны төлбөр ийм их гарч байгаад гайхах юм. Дээрээс нь байр, СӨХ, дулааны мөнгө бас 150 мянгад дөхнө. Тэтгэвэр маань тэр чигээрээ төлбөрт явчихдаг нь хэцүү юм. Ингэж хавчиж шахаж байгаад гаргах санаатай юм болов уу ч гэж бодох боллоо” хэмээн зовлон тоочив.
Д.Шагдарсүрэн гуай насаараа цэргийн ангид ахлагчаар ажилласан. Харин Ж.Долгор гуай 1965 онд 19 настайдаа ХААДС-ийг онц дүнтэй төгсөн, малын эмч, зоотехникч болжээ. Тэрбээр Дархан хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст өргөдөл гомдлын байцаагч, Ёл хадны амралтын эмч, нийслэлд ирээд Мод боловсруулах комбинатын Боловсон хүчний зааварлагч, Шувуун фабрикт шувууны эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан аж.
Зах зээлийн жилүүдэд хуруу хумсаа хугалах шахан байж найман нэрийн дэлгүүр нээн, хэдэн хүүхдүүдээсээ гадна хамаатан саднуудаа ч чирэх болсон гэнэ. Энэ талаар Ж.Долгор гуай “Найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байхдаа эгч нь баян байлаа. Хорооны ажилчид, Эрүүлжүүлэх байрны цагдаа нар, дарга нь хүртэл манайхаас тамхиа зээлдэг байж билээ. Тэр үед би залуу ч байж, юмны цаадах наадахыг хардаггүй байлаа.
Бэлэн ажиллах газар байхад хаана ажил хайж явах вэ гээд хүүхдүүд, ах дүү нараа бүгдийг нь дэлгүүртээ шавуулчихна. Би үргэлж тэнд байхгүй, тэд нэг нэг ээлж хариуцна. Гэтэл би итгээд, тэд дураараа дургиад байсан юм билээ. Тэгээд арай ч эргэлтийн хөрөнгөгүй болчихгүй ч мөнгө өсөж, ашиг гарахаа больсон. Гэвч юм хийж байгаа хойно болоод л байдаг байлаа. Эцэст нь дэлгүүрээ шатааж, гудамжинд гараад амар сайхандаа жаргах шив дээ. Дэлгүүр ажиллуулж байхыг минь мэддэг хүмүүс энд таарахаараа намайг өрөвддөг шиг байгаа юм. Манай тэр хавийг хариуцдаг байсан хогийн байцаагч, зэргэлдээ дэлгүүрийн захирал эмэгтэй хоёр хэд хоногийн өмнө ирж, тав, таван мянган төгрөг өгөөд явсан. Тэгэхдээ нүднээс нь нулимс гарч байна билээ. Би их л өрөвдөлтэй харагдсан юм байлгүй” гэв.
Хүүхдүүдийнх нь талаар асуухад эмээ “Манайх гурван хүү, ганц охинтой. Хүүхдүүдийн зарим нь хувиа борлуулаад явчихсан. Зарим нь ч өөрийгөө яая гэж явна. Биднийг харж хандах хүн алга. Том хүүгийнх дөрвөн хүүхэдтэй. Тэр хүнд тээргүй амь зуудаг ч авгайн царай харсан амьтан хүүхдүүдээсээ илүү гарч, биднийг ачилна гэж үгүй. Отгон хүү алаг нүдтэй хөөрхөн цагаан охинтой гэр бүл болсон. Тэр нь бас айлын отгон гэнэ. Эрх танхи отгон хүүхдүүд болохоор хоёулаа ажилгүй. Бид хоёр өвөл түлээ, нүүрс, зун хоол ундыг нь даадаг. Том, бага хоёр хүү ч яах вэ, тэгсхийгээд амьдрах аядаж явна. Нөгөө хоёр нь хэцүү.
Ганц охин маань СОТ-3-ын барилга дээр ажиллаж байгаад унаж, гэмтэн, сэтгэцийн гажигтай болсон. Нэг хүү минь архины лүү. Уг нь тэр хүү минь онц сурдаг, толгой сайтай хүүхэд байсан юм. Хөгжим бүжгийн сургуулийг хоёрхон хичээлд сайн, бусад нь онц дүнтэй төгсөөд ЗХУ-д хөгжмийн сургуульд явсан. Гэтэл гуравдугаар курсээсээ сургуулиа хаяад ирсэн юм уу, хөөгдөөд ирсэн үү, бүү мэд, буцаж яваагүй. “Хөөгдчихсөн юм уу” гэхээр үгүй гэнэ. “Тэгээд яасан юм” гэхээр дуугарахгүй. Тэр үед би найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг, мөнгөтэй байлаа. Муу хүүгээ яаж ингээд сургууль соёлгүй явуулаад байх вэ, ажил мэргэжилтэй болгоё гээд цагдаагийн курст оруултал удалгүй хүний эрүү хуга цохиод хөөгдчихдөг юм байна. Тэгэхэд л хүүгээ архинд их дуртай болсныг мэдсэн.
Тэр хүү эхнэртэйгээ хамт манай дэлгүүрт ажилладаг байсан юм. Миний нас ч явж, дэлгүүрийн ажил дийлэхгүй болж байтал хүү минь “Би эхнэртээ хөөгдчихлөө. Их буруу явснаа ойлголоо. Одоо би хүн шиг амьдарна” гэж уйлж, гуйсаар байгаад найман нэрийн дэлгүүрээ авсан. Бусдад архичин, итгэж болохгүй амьтан шиг харагдаж байсан ч эх хүнд хүү нь сурлага сайтай, ухаантай, хөөрхөн цагаан хүү минь хэвээрээ л санагддаг юм.
Би хүүдээ итгэсэн. Архи дарс уугаад амьдрал нь болохгүй яваа хүүгээ архинаас гарна, амьдралаа босгоно гэхэд нь итгэл найдвар төрөөд дэлгүүрээ өгчихсөн. Надад тэр үед хүү минь хүн шиг яваасай гэхээс өөр бодох зүйл байгаагүй. Хүү минь дэлгүүрээ ажиллуулаад, амьдралаа босгоод явбал бид хоёр яах вэ, арай ч хоногийн хоолоор тасрахгүй байлгүй л гэж бодсон юм. Гэтэл удалгүй дэлгүүрийг минь шатаагаад, зэргэлдээ байсан хашааны газрыг хүнд шилжүүлээд өгчихсөн.
Тэр газар уг нь миний нэр дээр байсан юм. Гэтэл газрын албаныхан манай сэтгэцийн өвчтэй охин, архи уудаг хүү хоёроор өргөдөл бичүүлж байгаад шилжүүлээд авчихсан байна лээ. Жинхэнэ эзэн нь би байхад надаас зөвшөөрөл авахгүйгээр ингэж болмооргүй санагдах юм. Даанч хөөцөлдөж явах чадал тэнхээ алга даа. Эмээ нь буян муутай юм. Хамгийн сурлага сайтай хүү минь архичин болж, би гэдэг хүн хайртай хүүгээ өрөвдсөөр байгаад гудамжинд гарчихаад байна” хэмээн хоолой зангируулав.
Түүнийг “Бид хоёул 70 хол гарлаа. Насны эцэст ингэж суугаа нь олиггүй ч хоёулаа байгаадаа баярлах юм. Үе тэнгийн зарим маань нэгнээ хаяад үхээд байна гэж дуулдахаар үстэй толгой арзайх шиг болдог” гэхэд түрүүнээс хойш бид хоёрын яриаг сонсоогүй мэт толгой дохин үүрэглэж суусан өвгөн “Хорвоогийн жамаас зугтаж чадах биш. Яах вэ дээ, ингэж суугаад л үхнэ биз, ямар хамаатай юм бэ” хэмээн бувтнав.
Эх сурвалж: