Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Энэ үед багш нар цалингаа нэмэгдүүлэхийг дахин шаардлаа. “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос өнөөдөр мэдээлэл хийх үеэр наймдугаар сарын 30-н гэхэд багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгийг онцлон тэмдэглэв.
Хэрэв багш нар гурав дахь удаагаа суулт зарлавал есдүгээр сард хичээл эхлэхгүй байх магадлалтай. Энэ талаар “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа хэлэхдээ “Ачааны хүндийг нуруундаа үүрч яваа боловсролын салбарынханы цалинг 30-50 хувь нэмсэн гэж ярьдаг ч, бодит байдал дээр нэмэгдсэн одоогоор байхгүй байна. Багш нарын цалингаас зуны амралтаар хасдаг, харин анги даасан мөнгө, дэвтэр зассаны нэмэгдлийг хасаагүй. Мөн төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг олгосон. Ийм хоёр өөрчлөлт гарсан. Иймээас бид энэ жил жагсаал суулт хийнэ. Гэхдээ наймдугаар сарын 08-нд болох удирдах зөвлөлийн хурлаараа тодорхой тов гаргаж олон нийтэд зарлана. Мөн бидэнд есдүгээр сарын нэгнээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна гэх санал их ирж байна ” гэлээ.