“60 тэрбум”-ын асуудлыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд хуулийн байгууллагаар дахин шалгуулж, мөн нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэв.
Өнгөрсөн долоо хоногт тус намын Удирдах зөвлөлийн гишүүд хоёр тийш харсан байдалтай товчхон хуралдаж, улмаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжилж, “буланд шахсан” мэдээлэл байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи “60 тэрбум”-ын асуудлыг орхиж, нам эв нэгдэлтэй байх нь чухал байна гэсэн санал илэрхийлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригч нам Хэнтий аймгийн 42-р тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд хэдийнэ бэлдээд эхэлсэн байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл бүрдээд байхад хууль зөрчиж байна хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Түүнчлэн “60 тэрбум”-ын асуудлыг дахин шалгуулах, ээлжит бус чуулган хуралдуулах зэрэг асуудлуудаар МАН-ын гишүүд орон даяар жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн юм.