Монгол гэрийн эзэгтэй нарын дийлэнх нь угаалгын машинаар хувцсаа угаадаг. Харин барууны ертөнцөд тийм биш. АНУ, европын эмэгтэйчүүд гэртээ хувцсаа угаах нь тун ховор. Тэд гэрийн нөхцөлд угаалга хийхээс лаундри буюу зориулалтын угаалгын газрыг зорихыг илүүд үздэг.
Судалгаагаар гурван америк эмэгтэй тутмын нэг нь гэртээ угаалгын машинаараа хувцсаа угаах дургүй. Зориулалтын хими цэвэрлэгээ болон угаалгын газарт нөхөр, хүүхдүүдийнхээ хувцсыг аваачиж өгдөг болох нь тогтоогджээ. Эндээс өрнөдийн улсуудад угаалгын газрын бизнес гэдэг нь ямар ашиг орлогтой ажил болохыг харж болно. Гэвч харамсалтай нь хиймэл оюун ухаан, роботууд өдөр ирэх тусам хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед угаалгын газар, хими цэвэрлэгээний бизнесийн орон зайг ч бас машинууд хүмүүс биднээс булаан авах бололтой.
Дэлхийн хэд хэдэн улсад угаалгын газрын ажилтнуудыг орлох роботын туршилтыг амжилттай хийж байгаагаас япон инженерүүд энэ талбарт хамгийн их амжилттай яваа юм. Япончуудын зохион бүтээсэн угаасан хувцсыг эвхдэг роботыг “Лаундройд” хэмээн нэрлэдэг бөгөөд минутанд нэг хувцас эвхэж чаддаг энэ машины хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх бүрэн боломжтой аж.
Тэгвэл америкчууд ч бас япон найзуудаасаа юугаараа дутах билээ. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд, Berkeley and hardware компанийн инженерүүдтэй хамтран “Лаундройд”-ын өрсөлдөгчийг бүтээжээ. Мэргэжил нэгт япон андаасаа ялгаатай нь америк хувцас эвхэгч робот угаалгын машинаас хувцсыг өөрөө ухаж гаргаж ирээд эвхдэг ба үүндээ дөрвөн минутын хугацааг зарцуулдаг байна. Түүнчлэн Berkeley and hardware-ийн авьяаслаг инженерүүд угаасан хувцсыг нааш цааш нь сагсанд хийж зөөдөг роботын туршилтыг мөн адил хийж байгаа юм.
Цаашид янкууд болон самурайнуудтай өөр аль улсын эрдэмтэн, инженерүүд энэ салбарт өрсөлдөж гарч ирэхийг ёстой “чөтгөр бүү мэд”. Юутай ч роботууд хүмүүс бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон ажлын маань байрыг булаан авах цаг хол биш, ойрхон ирсэн бололтой. Хиймэл оюун ухаанаар зэвсэглэсэн машинуудын эрин үеийг хүн төрөлхтөний түүхэн дэх аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хэмээн дэлхийн хэвлэлүүд бичих боллоо.
Эх сурвалж: BBC