2018 оны 7 сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсхүл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
- Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа хийгээд явж буй сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулж, зүй зохистой тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, UBS телевизийн зураглаачийн биед нь халдан танхайрч, тухайн газраас хөөн гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг саатуулсан бөгөөд дараа нь зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдаж хэвлэл мэдээллээр ёс зүйгүй мэдээллийг цацсанд МСНЭ харамсаж байна. Энэхүү зүй бус үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
- Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсил Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх үйлдэл, үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж ажлаа хийснийх нь төлөө “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар цохиж танхайрсан үйлдэл гаргажээ. Сэтгүүлч үйл явдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлан олон нийтэд хүргэх албан үүргээ гүйцэтгэж байхад нь халдсан хуулийн ажилтныг олж тогтоон зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, сэтгүүлч Б.Батцэцэгээс мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйлгуулах шаардлагыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж байна.
Дээрх зүй ёсны шаардлагуудыг биелүүлээгүй нөхцөлд МСНЭ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу нэр бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох дараагийн шат шатны арга хэмжээ авч ажиллах болно. Улмаар сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна.
Ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйл болсон чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашиг, сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагааг хамгаалахын төлөө хамтдаа тэмцэж, нэгдэж ажиллахыг МСНЭ-ээс нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ